Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-17 18:29:33

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигаар Ховд аймгийн 160 гаруй иргэн “Төрийн дээд одон медаль”-аар шагнагдсанТэдний төлөөлөл болох нэр бүхий таван иргэнд 12 дугаар сарын 17-ны өдөр шагналыг нь гардуулан өгөв. 

Тодруулбал, Орон нутгийнхаа хөгжлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар, барилгын салбарын ахмад ажилтан Дарамын Дамдин нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. 

Мөн Буянт сумын иргэн, бариа засалч Г.Шомбо, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч Х.Кулиза нар Алтан гадас одон хүртлээ. Түүнчлэн ахмад настан Л.Пунсалдулам Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаав. Харин Жаргалант сумын иргэн, нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч Д.Дэлгэрмаа “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг гардан авлаа.

Тэдний шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, холбогдох мэргэжилтнүүд гардуулан, баяр хүргэв. 

Холбоотой мэдээ