2020 оны шинжлэх ухааны гол ололт амжилтыг нэрлэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-12-18 11:55:44

МОСКВА. /TASS/. АНУ-ын “Science” сэтгүүл “Moderna", “Pfizer-BioNTech” компаниудын болон Оросын "Спутник V" коронавирусний вакциныг энэ оны шинжлэх ухааны гол ололт амжилтаар нэрлэлээ.


“Энэ жил шинжлэх ухааны гол ололт амжилт ямар нэгэн байдлаар коронавирустэй холбоотой байна гэдгийг бид сайн мэдэж байсан боловч “COVID-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй вакцинуудыг нэрлэх ёстой нь сүүлийн хэдэн долоо хоногт л тодорхой болсон. Бид удаан хугацааны туршид ийм вакцинуудыг гарган авна гэдэгт эргэлзэж байсан бол дэлхийн хүн амыг вакцинжуулах ажил хэдийнээ эхлээд байна” гэж “Science” сэтгүүлийн ерөнхий редактор Голден Торп мэдэгджээ.


Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг Америкийн “Science” сэтгүүл шинжлэх ухааны хамгийн чухал нээлтүүд, шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ололт амжилтуудын жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Сэтгүүлийн редакц мөн цахим хуудсандаа санал асуулга явуулж, "ард түмний ялагчийг” тодруулдаг. Уншигчдын сонголт редакцын сонголттой ихэвчлэн адилгүй байдаг. Жишээлбэл, өнгөрсөн оны шинжлэх ухааны гол ололт амжилтаар сэтгүүлийн редакц “Event Horizons Telescope” /EHT/ төслийн эрдэмтдийн авсан M87 галактикийн төв дэх хэт их масстай хар нүхний зургийг нэрлэсэн бол олон нийт Төвөдийн нэгэн агуйгаас олдсон эрүүний ясны хэлтэрхийгээр Денисовын хүни дүр төрхийг сэргээснийг илүү чухал нээлт гэж үзсэн юм.


Харин энэ жил “Science” сэтгүүл олон нийтийн дунд санал явуулахгүй байхаар шийджээ. Энэ удаад шинжлэх ухааны гол олол амжилт нь тодорхой нээлт биш, харин "коронавирусний вакцин гарган авах, туршихад гаргасан хүн төрөлхтний ахиц дэвшил" байв. “Science” сэтгүүлд тэмдэглэснээр, эдгээр вакцинуудын халдвараас хамгаалах үр дүн нь 80-95 хувьтай байгааг эмнэлзүйн эхний туршилтууд харуулсан бөгөөд энэ нь томуугийн вакциныхаас хамаагүй өндөр юм.


2020 оны чухал ололт амжилтуудын жагсаалтад мөн цусны өвчнийг эмчлэхэд чиглэсэн генийг редакторлах “CRISPR/Cas9” аргад тулгуурласан эмчилгээ, хурдан радио тэсрэлтийн /FRB/ эх үүсвэрийн нээлт, Сүүн зам доторх "харь гаргийн радио дохио", мөн Сулавеси арлын агуйгаас олдсон адгуус амьтны дүр төрхтэй хүмүүсийг дүрсэлсэн, хадны эртний сүр зургуудыг оруулжээ.


"Science" сэтгүүл мөн эрдэмтэд энэ жил анх удаа өрөөний температурт ажилладаг устөрөгчийн сульфидийн хэт дамжуулагчийг бүтээснийг, мөн хэрээ, шар шувуу, тагтаа болон бусад шувуудын оюун ухааныг судлах ажилд томоохон ахиц дэвшил гаргасныг онцолсон байна. 

Холбоотой мэдээ