Бага гурван насны морьд уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-02 18:52:35

Говь-Алтай аймгийн МСУХ-ноос “Алтайн хавар–2016” бага гурван насны морьдын уралдаан зохион байгууллаа.

Хязаалан насны 68 хурдан хүлэг шандсаа сорьсноос түрүү магнайд Цээл сумын уяач Ж.Батболдын хээр хурдалж Цээл сумын уяач Д.Заяабаатарын хонгор халзан аман хүзүүдэж, Шарга сумын уяач А.Бүрэндэлгэрийн хонгор гурвалж, Цээл сумын уяач З.Түмэнжаргалын хул дөрвөлж айргийн тавд Жаргалан сумын уяач Ц.Нямдаваагийн хонгор тус тус хурдаллаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 74 шандаст хүлгүүд уралдаж Шарга сумын уяач С.Баатарын саарал түрүүлж мөн сумын уяач Р.Лхагвадоржийн хүрэн аман хүзүүдэж Халиун сумын уяач Т.Даваацэрэнгийн халтар, Баян-Уул сумын уяач Б.Сумъяабазарын хар, мөн Баян-Уул сумын уяач Д.Эрхэмбаярын хээр шүдлэнгүүд тус тус айргийн тавд давхилаа. Дааганы уралдаанд нийт 61 даага уралдсанаас Шарга сумын уяач Д.Бямбаабаатарын саарал түрүүлж, Баян-Уул сумын уяач Доржийн Хасбаатарын саарал аман хүзүүдэж Халиун сумын уяач Б. Төрмөнхийн хүрэн, мөн сумын уяач Ө.Отгонбаярын хонгор, Баян-Уул сумын уяач Д.Дарьсүрэнгийн халтар айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргүүлэн уясан эзэн унасан хүүхэд хурсан олныг баясгалаа.

                                                                                                      Говь-Алтай Ш.Цоодол

Холбоотой мэдээ