ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй байгалийн хийн хэмжээ нэмэгдэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-05 18:15:39

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн дамжуулах сүлжээ группийн /Pipe China/ мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар, Хятад-Оросын зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолойн хий дамжуулах хүчин чадал өдөрт 28.8 сая шоо метрт хүрч, Хятадын хойд нутгийн айл өрхүүд болон үйлдвэрүүдийн хэрэгцээг хангаж байна.

Pipe China группээс “Энэ онд хий дамжуулалтын нийт хэмжээ 10 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна” хэмээн энэ сарын 3-ны өдөр мэдэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их үзүүлэлт юм.

Ийнхүү нийлүүлэлт нэмэгдэх шалтгаан нь Хятад-Оросын зүүн чиглэлийн байгалийн хийн хоолойн дунд хэсэг болох Жилин Чанлин-Хэбэй Юнчин хоолой 12 дугаар сард албан ёсоор ашиглалтад орсонтой холбоотой юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш буюу сэрүүний улирал эхэлсэн цагаас хойш тус хоолойгоор Хятад улс руу нийтдээ 1.13 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлсэн ба үүний ихэнхийг нь Бээжин, Хэбэй, Тяньжин хотод нийлүүлсэн байна.

ОХУ-ын Газпром компани гэрээний дагуу, 2021 онд байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн талаараа даваа гарагт мэдэгдсэн. Одоогоор нийлүүлэлтийг 2020 оны 4-р улирлаас хоёр дахин нэмэгдүүлээд байгаа юм.

Мөн Газпром компанийн төлөвлөж буйгаар 2025 онд жилийн нийлүүлэлтийн хэмжээг 38 тэрбум шоо метрт хүргэнэ гэжээ.    

Холбоотой мэдээ