Хүйтний эрч улам чангарах 1 дүгээр сар

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-01-05 15:16:04


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД (олон жилийн дундаж)-ын орчим байна. Харин цас, бороо (хур тунадас) Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД орчим байх аж. Сарын 1 дүгээр 10 хоногийн дунд, 2 дугаар  болон 3 дугаар 10 хоногийн  сүүлээр агаарын хэм өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Салхи  ихэнх хугацаанд 4-8 м/с 1 дүгээр 10 хоногийн дунд,  хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэжээ. 


Төвийн аймгуудын нутгаар: 1 дүгээр сард агаарын хэм Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД орчим байх төлөвтэй гарсан аж. Цас (хур тунадас) Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр түүнээс бага, бусад нутгаар ОЖД орчим байх төлөв гарчээ. Харин 1 дүгээр 10 хоногийн сүүлч, 3 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын хэм өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Гэхдээ 1 болон 2, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с 1 дүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 


Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын хэм нийт нутгаар ОЖД-аас хүйтэн байх төлөв гарчээ. Цас Дорнод, Сүхбаатарын өмнөд нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа аж. Харин 1 дүгээр 10 хоногийн сүүлч 3 дугаар 10 хоногийн сүүлчээр зарим нутгаар агаарын хэм өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Мөн 1, 2,3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орох юм байна. Харин салхи  ихэнх хугацаанд 5-1 м/с 1 болон 2 дугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ. 


Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж хэм Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байна. Харин цас Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД орчим орох төлөвтэй байна. 1 болон 2 дугаар 10 хоногийн сүүлч, 3 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч өмнөх үеэсээ 3-5 хэмээр чангарна. 1, 2, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр зарим нутгаар цас орох аж. 

Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, 1 дүгээр 10 хоногийн дунд үе болон 2 дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөв гарсан байна. 


Монгол Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг.Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.  


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх нэр томьёог хэрэглэх жишээтэй.


Цаг агаарын мэдээнд заавал дурдагддаг ОЖД гэдэгт дэлхийн цаг уурын байгууллага өнөөдрийн байдлаар 1981-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дунджыг оруулдаг аж. 2021 оны 1 дүгээр сарын агаарын уур амьсгалын дундаж хэм 1980- 2020 оны дунджаар Увс нуур, Дархадын хотгороор 25-29 хоног, Завхан голын эх Идэр, Тэс, Ерөө, Туул голын хөндийгөөр 20-24 хоног, говь талын нутгаар 1-8 хоног, бусад нутгаар 9-19 хоногт цаг агаарын хамгийн бага  хэм -30 хэмээс бага байдаг аж. Нэгдүгээр сарын  агаарын хэм  уур амьсгалын дундаж нь Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Увс, Баянхонгорын хойд хэсгээр -24-32хэм, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор -10-16 хэм, бусад нутгаар -17-23 хэм байсан байна


Гэвч 1981, 1984, 2000, 2005, 2008,  2010, 2011, 2016, 2018 онд ихэнх нутгаар, 1990,  2001 онд нутгийн зүүн хагаст, 2016 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1-10  хэмээр хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 хэм, бусад нутгаар 38-44 хэм хүйтэрсэн. Тэгвэл 1982, 1986, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007, 2015, 2020 онд ихэнх нутгаар уур амьсгалын дундаж 1-7 хэмээр дулаан байжээ. Мөн өдөртөө Увс Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 1-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд, Архангай, Өвөрхангай өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 5 хэм хүрч дулаарч байжээ.


Цас ОЖД–аар Увс, Завханы хойд, Сэлэнгийн баруун, Ховдын баруун өмнөд хэсгээр 3мм, бусад нутгаар 0мм цас ордог Гэвч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст, 2019, 2020 онуудад ихэнх нутгаар тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010, 2018 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 1–4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар говийн нутгаар 1–4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10–15 см, бусад нутгаар 4–9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40–60 см–т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байсан аж.

Монголчууд өвлийн хүйтэн, цасан шуурга, хахир хатууг есөн ес 81 хоногт хувааж өнгө төрхийг тодорхойлдог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу авч үзвэл 1 дүгээр  сард хүйтний оргил гэж тэмдэглэгдсэн 2, 3, 4  ес багтана. 2020 оны 12 дугаар сард шөнөдөө -47 хэм хүрч хүйтэрсэн. Тэгвэл энэ хүйтэн 1 дүгээр сард хадгалагдах төдийгүй цаашдаа чангарах магадлал өндөр байна.

Холбоотой мэдээ