Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулахаар бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-12 12:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл хийж байна.


Ингэснээр санхүүгийн ажилтан нягтлан бодогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхэд сар бүр 3-7 өдөр зарцуулж, нийгмийн даатгалын хэсэгч биеэр аваачиж баталгаажуулах ажил цахим болно гэсэн үг.


Даатгуулагч иргэд ч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхэд цаг зарцуулахгүйгээс гадна нийгмийн даатгалын нэг байцаагч сар бүр дунджаар 7500-8000 нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулахад 7-8 өдөр зарцуулдгийг багасгах юм.


Иргэд мэдээллээ гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшн суулгаж, ndaatgal.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний E-Mongolia вэб хуудаснаас, мөн төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авах боломжтой.


ХНХЯ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын салбарыг цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/ хөтлөх журмыг шинэчлэн, ҮСХ-гоор зөвшөөрүүлж, Сангийн яамтай хамтран баталж, ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ