PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-14 11:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 13-нд хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ  15 899 хүнд шинжилгээ хийжээ. 

 

Эдгээр тохиолдлын 9 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "БЗД-ийн 17 дугаар хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал хоёр хүнээс халдвар илэрлээ. Нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч нэг хүний шинжилгээ халдвартай гарсан. Ингэснээр Улаанбаатар хотод коронавируст халдварын батлагдсан тохиолдол 652 болж байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улсын хэжмээнд  кластер өвчлөлийн тоо 978, зөөвөрлөгдсөн тохиолдол 410 болж байна” гэв.


Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын  1479 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.


Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн халдвартын клиникээс 16 хүн дараагийн шатны Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт шилжжээ.

 

 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 559 хүн эмчилгээ, хяналтад байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд , 87 хүндэвтэр ,  459 нь хөнгөн оноштой байгаа аж.

Холбоотой мэдээ