Газрын тосны салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-15 11:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 2020 онд манай орны нийгэм, эдийн засагт тэр дундаа уул уурхай, газрын тосны салбарт хүнд сорилтууд тулгарсан юм.


Энэхүү хүнд цаг үед улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан хариуцлагатай, үр бүтээлтэй ажилласан салбарын баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжлөл гардууллаа.


Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулаад байсан бөгөөд УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр газрын тосны салбарын нэр бүхий 9 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгууллаа.



Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын төлөөлөлд шагналыг гардуулан баяр хүргэж, амжилт хүсээд цаашид хамтын хичээл зүтгэлээр сорилтыг даван туулж, улс орны нийгэм эдийн засаг, салбарын хөгжилд оруулах хувь нэмрээ улам бататгахыг хүслээ.



Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүд: 


Стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, агаарын чанарт эерэг нөлөөтэй, экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын шатахууны импорт, борлуулалт, хэрэглээг нэмэгдүүлсэн “ШУНХЛАЙ” ХХК, “НИК” ХХК, “ПЕТРОСТАР” ХХК,


Нүүрсэн халаалттай зуухыг хийн түлшинд шилжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан “ДАШВААНЖИЛ” ХХК, “ЮНИГАЗ” ХХК”, “ГАЗКОМ” ХХК,



Газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах ажлыг хариуцлагатай, оновчтой зохион байгуулж,  улсын төсөвт төвлөрүүлэх орлогын даалгаврыг амжилттай биелүүлсэн “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК, “ДОНШЕН ГАЗРЫН ТОС /МОНГОЛ/” ХХК,



Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааны ажлыг дотоод нөөц, боломжийг ашиглан амжилттай гүйцэтгэж, бүтээгдэхүүн хуваах гэрээт үүргээ хариуцлагатай биелүүлсэн “ЖИ ӨҮ ЭЙЧ” ХХК-иуд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа.





Холбоотой мэдээ