Цастай нутгаар шуурсны улмаас мал зутарч, хорогдол ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-16 10:47:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт өвөлжилт хүндэрч зарим айл өрхөө нүүлгэн шилжүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд олон хоног дараалан хүйтэрч, цасан шуурга тасралтгүй шуурснаар зарим айлын малын хороо бууц цасанд дарагдаж, малын хэвтэр хөлдсөн. Иймд сумын удирдлагууд боломж бололцоогоороо бүл хүч муутай малчиддаа тусалсаар байгаа аж. Энэ сарын 13-нд Мандах багийн нэг малчин өрхийг цас багатай газарт нүүлгэн шилжүүлжээ. Тус сумын нутагт өнгөрсөн зун зуншлага тааруу байснаас гадна алсын оторт яваа малчдын туувар, бэлчээртэй газруудаар нь явж өнгөрсөн тул малын бэлчээр хомс байна. Үүнээс гадна цастай нутгаараа шуурсны улмаас мал зутарч, хорогдол ихтэй байгаа юм. 

Ханхонгор сум нь 555 малчин өрхтэй, 50 мал бүхий өрхтэй, 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 252 мянга 454 толгой малтай. Тус сумын Мандах, Өгөөмөр багийн нутагт цас ихтэй байгаа бөгөөд сумын  126 өрхийн 75 мянга 707 толгой мал өөр сум, аймгийн нутагт отор нүүдэл хийж байна. 

Холбоотой мэдээ