Г.Сүрэнханд: Коронавируст цар тахлаар өвчлөхгүй, даван туулах боломж бидэнд бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-19 00:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын тархвар судлалын асуудлаар ХӨСҮТ-ийн зөвлөх, клиникийн профессор Г.Сүрэнхандтай ярилцлаа. Олныг хамруулалгүй тодорхой тооны хүрээн дотор халдварт өвчинг таслан зогсоох, гарсан тохиолдлыг цааш  тархаахгүй  хязгаарлах үйл ажиллагааг явуулдаг мэргэжилтнүүдийг тархвар судлаачид гэдэг.


-Манай улсад тархвар судлаач хэр бэлтгэгдсэн, ямар чиг үүргийн хүрээнд ажилладгийг эхэлж тодруулмаар байна?


-Халдварт өвчин гарсан үеэс түүнийг тандаж, өвдсөн хүнийг олох, хавьтал бологсдыг тодорхойлдог, биеэ даасан шинжлэх ухаан юм. Манай улсад тархвар судлал, халдвар судлал гэж нэрлэж байгаа. Олон улсын нэршлээр эпидемиологч  гэдэг мэргэжил юм. Эпидемиологч гэж аль ч улсад очоод хэлэхэд ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил тул бид БШУЯ-нд нэр томьёоны жагсаалтад санал хүргүүлсэн.

Халдварт өвчин гарсан үед тандалт хийх ёстой. Тандалт хийж, эх уурхайг олж, дамжсан замыг тогтоож, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудал хамгийн хэрэгтэй. Эмчлэхээсээ түрүүнд урьдчилан сэргийлэх ёстой. Олноор хамруулж өвчинг алдахгүй тодорхой тооны хүн дотор барьж авах, эсвэл гарсан нэг тохиолдлыг цааш  тархаахгүй  хязгаарлах зэрэг үйл ажиллагааг явуулдаг мэргэжлийн улсууд юм. Зөвхөн тандалт хийгээд зогсохгүй тоон мэдээлэлд боловсруулалтаа хийдэг. Тухайлбал,  хэдэн хүнд ямар өвчин хэрхэн дамжсан, ямар хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг боловсруулж учир шалтгаан, хэрхэн сэргийлэх, ямар нян вирусээр үүсгэгдсэн, нууц үеийн хугацаа зэргийг судалж дүгнэлт гаргадаг.

Клиникийн шинж тэмдэг, нууц үеийн хугацаа, өвчтөний биеийн байдлыг хараад ийм өвчин байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлдэг. Үүнийг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Тэгээд оношилсон өвчнийг эмчлэх ёстой. Тиймээс энэ гурав бол салшгүй холбоотой.


-Халдварт өвчний үед ДЭМБ өдөр бүр улс орнуудаас мэдээлэл авч зохих түвшний судалгаа, зураглалыг гаргаж байдаг. Тэгэхээр, яг энэ цар тахлын үед коронавирусний тархалтыг манай улс дотооддоо хэрхэн зураглаж, эрсдэлийг тооцоолж байна вэ?  


-Халдварт өвчин бол олон улсын нэршлээрээ гепатит, тэр дотроо А, В, С, D гепатит, цусан суулга, гэдэсний хижиг гэх мэт өвчин юм. Томуу, томуу төст өвчний хувьд, манай тогтолцоонд хамгийн сайн нэвтэрсэн зүйл бол харуулдан тандалтын цэг орно.

Манай улсад харуулдан тандалтын 52 цэг бий. Эдгээр цэгт аймаг, орон нутаг, өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг багтдаг. Тэдгээр эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсээс томуугийн ямар вирус илэрч байгааг харуулдан тандалтын нэгжүүдээс долоо хоног бүр  сорьц  авч шинжилдэг. Үүгээр ямар вирус эргэлтэд байгааг  хардаг.


COVID-19”-ийн үед ч энэ тогтолцоог ашиглан  шинжилгээг хийж байгаа.  Томуугийн хувьд яагаад байх ёстой вэ гэвэл, томуугийн вирус  шинэ вирус гарах магадлал өндөр байгаатай холбоотой. Томууг харуулдан тандалтын цэгээр бүгдийг нь харж, цэгүүдээс цуглуулсан сорьцод ийм вирус гарлаа гэхэд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд  явуулж баталгаажуулдаг.  ДЭМБ-д үнэхээр бүх судалгаа явагддаг, бүх орон сорьцоо явуулдаг. Дулаан орны бүсэд ямар вирус, хүйтэн газарт ямар вирус гарсныг үзэж томуугийн улирлын вакцин гарахаас өмнө ийм ийм вирусүүдээр вакцин хийх нь зөв гэдэг санал гаргаж зөвлөдөг.

Тэгэхээр томуугийн хувьд эргэлтэд байгаа вирусийг мэдэх манай улсын хамгийн гол тогтолцоо нь томуу дээр байгаа. Харин цусан суулга улирлын чанартай өвчин гээд дулааны улиралд ихэвчлэн бохир ус, унд усны ус, хоол хүнстэй холбоотой гарч болно. Ариун цэвэр чухал үүрэгтэй. Тодорхой хүн амын дунд гараад намждаг. Бага насны хүүхэд олонтой учраас цэцэрлэгийн хүүхдийн дунд гарах нь бий.  Хэрэв цэцэрлэг эрүүл ахуйн хэм хэмжээг сахиж чадахгүй бол гарна. Улаанбурхны хувьд,  7 хоногийн мэдээг эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний мэдээллийн тогтолцоогоор  ирсэн дүн мэдээгээр  хянадаг.

Манай улс саа өвчнийг устгаад 20 жил болж байна. Мөн улаанбурхан өвчний  тахалт тархалтыг устгасан гэсэн баталгаажилт авсан.


Гэхдээ гаднаас зөөвөрлөгдөн орж ирээд дахин гарч 50 мянга гаруй хүн өвдсөн. Улаанбурхан өвчнийг саа өвчний адил барьж авахад амар биш. Улаанбурхан өвчний вирус 100 хувийн халдварлах уршигтай. Улаанбурхны вирус байгаа бол тэнд байсан бүх хүнд халдварладаг, халдварлах чадвар өндөртэй вирус гэсэн үг л дээ. Бид хүн амын тодорхой бүлгүүдийг тодорхойлон улаанбурхан өвчний вакцинжуулалт хийснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Одоогоор дахин бүртгэгдээгүй. Мөн саа өвчний вирус байгаа эсэхийг лабораториор математик загварчлалыг ашиглан тогтоосоор байгаа, энэ ямар өвчин ямар хугацаанд ихсэх боломжтой тооцоолж гаргадаг, үүнийг ашиглан урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөдөг гэх мэт.

Эпидемиологч эмчийн хийж байгаа гол ажил бол тандалт. Тандалт гэдэг нь юмны араас тандаж, урьдчилан мэдэж сэргийлэх ёстой. Коронавирусний хувьд манай улс томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоо ашиглаж байгаа. Тухайлбал, тухайн тандалтаар орж ирж байгаа бүх сорьцод томууг үздэг байсан бол одоо коронавирусийг давхар үзэж байгаа. Хөл хорио тогтоон өвчин гараагүй 11 сарын хугацаанд давхар үзэж байсан. Түүнээс гадна сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарч байгаа газруудад лабораторийн тогтолцоог өргөн хүрээтэй болгож хүн амын дунд илрүүлэг хийж байна.


-Мэргэжлийн тархвар судлаачаас онцлон асуухад, цар тахал дэгдсэнээс хойш манай улс ямар чиглэлээр үр дүн гаргаад байна вэ?


-Уханьд халдвар гарснаас хойш 11 дүгээр сар хүртэл зөвхөн гаднаас хүн авчирч, авчирсан хүмүүсээ хянасан гэдгээрээ бусад улс оронтой харьцуулахад Монгол Улс хатуу чанга дэглэм мөрдсөн, хувийн хамгаалах хэрэгслийн талаар олон нийтэд мэдээлсэн гэдэг үр дүн харуулсан. Тиймээс ДЭМБ-ын Номхон далайн бүсээс Монгол Улсыг зөв зүйтэй арга хэмжээг урьдчилан авсан гэж үзэж байгаа. Үүнээс шалтгаалан энэ жил томуу өвчин харьцангуй бага гарсан. Томуугийн дэгдэлт болоогүй байна. Энэ нь амьсгалын замын өвчнөөс хүн өөрийгөө хамгаална гэдэг нь амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахих хэрэгтэй гэдгийг харуулж байна.


Томуугийн 70-80 хувь нь бага насны хүүхэд өвддөг, хатгаагаар хүндэрч энддэг байсан. Энэ нь харьцангуй багасаж, эмнэлгийн  ачаалал буурсан үзүүлэлт нь томуугийн улирлыг угтуулан хүн амын дунд ийм арга хэмжээг өргөн хүрээтэй авч чадвал томуугаар өвдөхгүй байж болох нь.


Нөгөө талаар хүмүүс вакцинд сайн хамрагдаж байна. Томуу болон хатгааны вакцин хийлгэсэн хүн коронавирусээр халдварлахад дан ганц коронагаар л өвчилнө. Яагаад гэвэл нөгөөдүүл нь хамгаалагдчихсан, хатгаа, томуугаар хүндрэхгүй байж болно. Хүмүүс хөнгөн өвдөж эдгэрч байгаа нь үүнийг харуулжж байна. Томуугийн вакцин хийлгэж байх хэрэгтэй. Мөн хүүхдэд хатгааны вакциныг үндэсний түвшинд хийгээд хоёр гурван жил болж байна. Эдгээр вакциныг цаг хугацаанд хийлгэж байх нь өөрийг нь хамгаална, хөндлөнгөөс нөлөөлж өвчнийг сааруулна.


-Манай улсад халдвар судлаач хэчнээн хүн байна. Энэ цар тахлын үед ажиллахад хүрэлцэж байна уу?


-Манай төвд 40 гаруй халдвар судлаач бий. Хуваагдаад явахаар цөөхөн шүү дээ. Шөнө шинжилгээнд яваад үүрээр ирнэ. Тусгай нислэгийн эхний онгоц ирж байхад амарч чаддаггүй байсан. Манай эмчилгээний эмч нар маш сайн ажиллаж байна. Манайх сайн тоног төхөөрөмж шаардахгүйгээр хүн эмчилдэг улсууд юм. Хүндэрсэн хүнд аппарат хэрэглэж байгаа ч гэсэн эрчимт эмчилгээний эмч нарын эмчлэх арга барил сайн байна.

Эрүүл ахуй бол маш том шинжлэх ухаан. Хөдөлмөрийн, хүүхдийн, байгаль, гадаад орчны гээд олон зүйлийг хамардаг. Маш сайн бэлтгэгдсэн эрүүл ахуйч бараг тасраад байна л даа.

Одоо Мэргэжлийн хяналтын газар зөвхөн хууль дүрэм ярьж байна. Тэр ч бүү хэл байцаагчийн гар дээр шалгалтын ямар ч багаж алга. Тухайлбал, эмнэлэгт очиж агаарын бохирдол ямар байгааг үзэж чаддаггүй. Хүнсний дэлгүүрт очоод тарвас руу хатгаад нитрит нь их байгааг заах хэрэгсэлгүй байгаа нь хяналт шалгалтыг сулруулж байна.

Москвад явж байхад хувь хүн халаасандаа нэг багаж хийгээд сонирхсон юмандаа дүрээд үздэг. Гэтэл манайд гадил жимснээс хүүхэд хордсон тохиолдол гарсан. Гадилын гадна талын хальсан дээр байгаа юмыг хүүхэд гараараа бариад хальслаад идсэн. Гэтэл бананы гадар дээр пестицидийн ул мөр байсан гэсэн. Тэгэхээр хяналт гэдэг заавал торгохдоо биш энгийн, хүнд зөвлөгөө өгдөг байх ёстой. Хийж буй үйлдэл нь олон нийтийг сургаж байгаа юм. Энэ багажаар ингэж үздэг юм, үүнд ийм зүйл байдаг юм гэж хүнд мэдлэг олгож байгаа юм. Ийм үйл ажиллагааг сайн хийх хэрэгтэй.

Эпидемиологич хүн нийгмийг хамарсан ажилд ямар их үүрэгтэйг одоо харуулж байна. Энэ тандалтыг бэлтгэгдсэн хүнээр нь хийлгэж байвал сэргийлнэ. Урьдчилан сэргийлнэ гэдэг маш их ач холбогдолтой. Хэрвээ бид урьдчилан сэргийлэх ажилд мөнгө хаяж,  нягт бэлтгэж, сайн сэргийлж чадвал одоо зарцуулж байгаа мөнгөнөөс бага мөнгө үрнэ. Хүн амаа аливаа зүйлээс  сэргийлэхэд сургах хэрэгтэй болж байна. Жишээ нь, Хятадаас оруулж ирдэг жимсэнд юу үздэг вэ гэдгийг мэдэж байвал тухайн хүн өөрийгөө л хамгаална шүү дээ.

Мал эмнэлгийн хяналтын газар ажилладаг л даа. Гэхдээ маханд ямар антибиотикийн үлдэгдэл, малыг ариутгах гэж хэрэглэсэн зүйл үлдэгдэл байна уу гэдгийг өнөөдөр ярьдаггүй. Энэ их хортой. Махаар дамжсан хор элгэнд хуримтлагдана. Элгэнд хуримтлагдсан хорыг элэг шүүж чадахгүй бол гэмтэнэ. Тиймээс эрүүл ахуйн чиглэлийн хүн, эпидемиологчийг дэмжих хэрэгтэй. Тэгвэл бага зардлаар их ажил хийж чадна. Хүн өвтгөхгүйгээр хүмүүсийн эрүүл мэндийн төлөө их юм хийж болно гэдгийг 40 гаруй жил ажиллахдаа ойлголоо.


-Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусний халдварын 10 гаруй голомтоос одоогоор гурван голомт идэвхтэй байгаа. Голомтууд дээр ажиллахад юу анзаарагдав, юу чухал байна вэ?


-Тухайн голомт хэр зэрэг өргөжиж байгааг мэдэх нь чухал. Бидний хийж буй ажил бол аль болох холбоог нь таслах, цөөлөх зорилготой. Манай иргэдийн мэдлэг дутуу, маш их хоорондоо холилддог, хаяг дээрээ байдаггүй, нэрээ худал хэлдэг зэргээр араас нь тандаж байгаа хүмүүст хүндрэл учруулж байна. Манай эпидемиологичид цаг наргүй ажиллаж байна. 

Голомтын хүрээ сунжирч байгаа нь хүмүүсээс авч байгаа асуумжид үнэ цэнтэй мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотой. Харин ч халдвар судлагчдад туслах хэрэгтэй. Судалгааг утсаар асууж байхад чагнаж байсан юм. Тухайн хүн гэрээсээ гараад ээждээ очоод бас нэг хүүхэдтэй айлд, дараа нь ахынхаараа очсон байсан. Хэдийгээр бид нүүдэлчин ч гэсэн ингэж "нүүж" болохгүй биз дээ. Хувь хүн ухамсраараа тодорхой цаг хугацаанд биеэ барих хэрэгтэй шүү дээ. Хувь хүний хариуцлага гэдгийг ярьдаггүй, ажил хийж байгаа хүнд үүрүүлэх гээд байж болохгүй. Тандалтын судалгаа хийж байхад туслах хэрэгтэй, айх хэрэггүй. Өвчин хүрээ л биз, айж эмээхээсээ илүү харилцсан хүнээ хурдан олоход хамтран ажиллах хэрэгтэй. Бидэнд хүмүүс тусалж байвал, аль болох гинжин хэлхээ үүсгэхгүйгээр халдварыг барьж авах боломж бий.


-Ер нь халдварын голомтыг ямар үед нь илрүүлж чадвал хурдан хумих боломжтой вэ?


-Голомт гэдэг нь олон хүн хамрахыг хэлж байгаа юм. Шинэ халдварын үед голомт байж болно. Жишээ нь, Ковид, улаанбурхан, саа өвчний үед олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг. Нэг ч тохиолдол гарахгүй байж байгаад нэг тохиолдол гарсан бол олон улсын дүрмээр голомт гэж үзэж байгаа.

Хүмүүс хөнгөн хэлбэрээр өвдөж бие нь сайжирч байна. Сэлэнгэ аймгийн хувьд, бүх өвчтөн эдгэрсэн. Энэ нь хүн амын дунд сүргийн дархлаа үүсэж байна гэсэн үг. Өвдсөн бүх хүн дархлаатай болж байна. Нэгэнт өвдсөн учир түүнийг вакцинжуулахгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэчнээн сайн авч чадвал хөөж гүйх ажил бараг хэрэггүй байгаа юм.


- Олон нийтийн дунд асуулт хэвээр байгаа нэг тохиолдол нь Франц иргэнийг тойрсон асуудал. Нэг ч хүнд халдвар тархаагаагүй нь манайхан амны хаалт сайн зүүж байсных гэсэн л тайлбар өгч байна. Гэтэл одоо ч манайхан амны хаалт сайн зүүж байгаа хэрнээ халдвар тархаад байна шүү дээ?


-Амны  хаалт зүүжээ гэж өнөөдөр харж байна. Тухайн хүн хэдэн цаг зүүснийг мэдэхгүй шүү дээ. Нимгэн амны хаалтыг хоёр цаг зүүгээд хаяхыг зөвлөж байгаа. Сэхээний эмч нар N95 шүүлтүүртэй амны хаалтны гадуур нүүрний хамгаалалттай ажиллаж байгаа. Халдвар хаанаас ч гарч болно. Амны хаалттай байж байгаад халдвар авлаа гэвэл би эргэлзэнэ. Хэзээ зүүсэн амны хаалттай байгаа юм гэж бодно.

Автобусанд суугаад буухдаа амна хаалтаа хаяна. Дэлгүүрт ороод гарахдаа мөн хаяна. Үүнд хэвшсэн үү, үүнийг хэрэглэх боломж байна уу гээд харахад амны хаалттай, яаж хамгаалагдсаныг хэн ч мэдэхгүй. Зарим хүн дотор талдаа даавуун амны хаалт хэрэглэж байгаа. Түүнийгээ фэйритэй усанд байлгаж байгаад угаагаад, сэгсрээд зүүж байна гэсэн. Тэр бол болно. Гэхдээ манайхан хэтрүүлээд хордох вий гэж айдаг. Боломжгүй хүмүүс давхар даавуун амны хаалтыг савандаж угаагаад дахин хэрэглэж болно.

Хамгаалах хэрэгсэлтэй байж байгаад халдвар авсан эмнэлгийн ажилтанд хийсэн судалгаагаар,  хиймэл амьсгалтай өвчтөнтэй ажиллаж байсан  эмч, сувилагч нар халдвар авч  байгаа. Сордог хоолойг солих гэхчлэн хэчнээн бээлийтэй ч гэсэн хажуугаар нь вирусээр халдварт өртсөнийг  үгүйсгэхгүй. Нэг дор олон хүн өөрөө өвчилснөө мэдэхгүй тохиолдолд халдвар авах эрсдэл бий.


Халдварт өвчний үед шинж тэмдэг нь тодорхойгүй хүн халдвар илүү тараадаг.

А гепатитаар хөнгөн өвдсөн, шинж тэмдэг нь илрээгүй хүн цэцэрлэгийн хүүхдэд хийсэн судалгаагаар, маш их тараасан байдаг. Ахуйн замаар тардаг учраас шинж тэмдэггүй хүн өөрөө мэдэхгүй. Энэ нь илрүүлэг шинжилгээгээр гарна. Тухайн хүн вирус тээж өөрт нь шинж тэмдэг илрэхгүй яваад байгаа юм. Тиймээс шинж тэмдэггүй явж байгаа хүнийг сайн олох хэрэгтэй.


-Дархлаа сайн байвал энэ халдварыг тусахгүй байх боломжтой юу, ханиад томуугийн үед бол дархлаа сайтай нь тусахгүй өнгөрчихдөг шүү дээ?


-Эрүүл саруул, биеийн тамираар хичээллэдэг, агаар салхинд гардаг хүн өвдөхгүй байх бүрэн боломжтой. Хувийн хамгаалах хэрэгслээ сайн ашиглаж, өвдөхгүйгээр үүнийг давах боломж байна. Үүнийг та хийнэ, бид бас хийнэ.


-Ер нь хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрлээ гэж их мэдээлэх юм. Үүнийг хэрхэн ойлговол зохих вэ, эсвэл манай шинжилгээний боломж тийм л түвшинд байна уу?


-Зарим хүнд долоо хоноод илэрч байхад, өөр хүнд гурав хоноод илэрч болно. Эсвэл нууц үеийн 14 хоногийг дуусгаад илэрч болно. Вирус хүний биед ороод яаж өвчлөл үүсгэж байгаа явц хүн хүнд өөр өөр байдаг. Судалгаанд 1000 хүн хамрууллаа гэхэд тэдний 80 хувь нь 5-7 хоногт илэрч байгаа бол зарим судлаачийн судалгаагаар 21 хоногт илэрсэн. Энэ нь хэдийгээр цөөхөн боловч тухайн хүний бие организмоос шалтгаалж байна.

Эхлээд илэрсэн хүнд гурван удаа давтан шинжилгээ хийнэ. Эхлээд илрээгүй байж байгаад хоёр дахь шинжилгээгээр илэрлээ гэвэл өвчлөл нь сунжирсан байж болно. Эхлээд вирусний ачаалал нь гараагүй байж болно. Гэхдээ хэд хоногт тухайн хүний эхний шинжилгээг авсан гэдэг нь чухал. Хэд хоногтой байхад нь аваад хэд хоногт нь илрэв гэдэг бас чухал. Мэргэжлийн хүн бүгдийг нь тооцож үзэж гаргана.  Үүний дараа хавьтлуудыг танддаг. Давтан шинжилгээг  долоо хоногийн дотор авсан бол вирус цусанд ороогүй байна. Хэрвээ шинж тэмдэг илэрсэн бол ойр байсан хүнийг хамгийн түрүүнд хөөж эхэлдэг юм.


-Одоогоор дэлхийн ихэнх улс оронд хэрэгжүүлж буй гол арга хэмжээ нь хөл хорио. Агаар дуслын замаар дамждаг тул энэ арга хэмжээ мэдээж үр дүнгээ өгнө. Гэхдээ манай улсын хувьд хөл хориог ойр ойрхон тогтоогоод байвал улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд хүндрэлтэй. Тэгэхээр хойшдоо бид яах ёстой вэ?


-Цаашид ямар арга хэмжээ авахыг УОК шийднэ. Доор байгаа улсууд нь судалгаа шинжилгээ хийж танилцуулж байгаа. Нөгөө талаас нь харахад хүн амын дийлэнх нь жижиг бизнесээр амьдарч байна. Хэрвээ үйлчилгээ явууллаа гэхэд өөрсдөө шаардлагатай хатуу дэглэм баримтлах нь зүйтэй. Дэлгүүрүүд зогсолтгүй ажиллаж байна. Гэхдээ кассанд зогсож байгаа хүндээ хоёр цаг тутамд яагаад бээлий олгож болдоггүй юм бэ. Ажилчнаа яагаад хэрэгцээт ариутгалын бодисоор хангахгүй байгаа юм бэ.

Дэлгүүр үлгэр жишээ байх ёстой. Хүнтэй үйлчилж байгаа хүнийхээ амны хаалтыг хоёр цаг тутамд солих, бээлийг нь солих, АТМ-ын товчлуурыг арчих гэх мэт ариун цэврийн наад захын дэглэмийг баримталмаар байна.

Нэг дэлгүүрт явж байхад шал цэвэрлэж байсан хүн бараа өрөөд эхэлсэн. Ийм байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт энэ үед чанга байх ёстой. Шууд ороод бээлий, алчуур, нойтон салфетка байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн дэлгүүрээс авсан бараагаа нойтон салфеткаар арчихад тэр чигээрээ шороотой байсан.


-Халдвартай нэг хүн цаашид хэдэн хүнд халдвар тараах эрдсэлтэй вэ?


-Ойролцоогоор 5-7 хүнд халдвар тараана. Гэхдээ 15 минутаас дээш хугацаанд хамт байсан хүмүүс амьсгалаараа холбогдоод байсан уу гэдэг нь чухал. Амгалан гаалийн газрын ажилтантай хамт байсан хүн нь өвдөөгүй. Тэгэхээр гаалийн ажилтан сайн масктай байжээ гэж бодож байна.  Ажлын газрууд амралтнаас ирсэн хүмүүсээ ирэхээс нь гурав хоногийн өмнө шинжилгээ өгөөд орж ирэхийг сануулах, ажилд орох гэж байгаа улсуудаа бүртгэсэн байх хэрэгтэй. Амарч байгаа хүн гэртээ сууна гэж байхгүй, тиймээс хамт олонтой нь нийлүүлэхээс өмнө тэр хүнд анхаарал тавих хэрэгтэй.


-Бусад улсуудынхтай харьцуулахад, халдварын эсрэг авч хэрэгжүүлсэн ямар арга хэмжээ хамгийн үр дүнтэй, бас юу нь сул талтай байв?


-Хариу арга хэмжээг олон янзаар авч байна. Манайд зөв зүйтэй арга хэмжээ авч, бүтэн жилийн турш цахим сүлжээгээр энгийн зөвлөмж мэдээллийг түгээж хүмүүст мэдлэг олгосон нь үнэхээр хүн амд нөлөөлсөн. Үүний үр дүнд томуугийн вакцинд хамрагдлаа. Хэдийгээр хязгарлагдмал орж ирж байгаа ч гэсэн хүн амын 60-аас дээш хувийг хамруулбал хамгаалалт болно. Мөн олон байгууллага хоршиж ажиллаж болдог гэдгийг харууллаа. Өмнө нь онцгой байдал, цэрэг цагдаа,  эрүүл мэндийн салбар хамтарч ажиллаж байгаагүй. ДЭМБ-ын Номхон далайн бүс манай орныг энэ чиглэлд сайн ажилласан гэж үнэлж байгаа. Бусад байгууллагын оролцоог сайн бүрдүүлсэн гэдгээрээ туршлага болж байгаа. Мөн шинээр хийж байгаа учраас тусгаарлах байранд олноор нь байлгах гээд хяналт сул хийсэн, ариун цэврийн дэглэмийг баримтлаагүй учраас өвчин гарлаа. Энэ нь цаашид сургамж болж байна.


-Эцэст нь вакцины тухай асуух гэсэн юм. Вакцин үйлдвэрлэгч улс орнууд өөрсдийн хэрэгцээг бүрэн хангахад ч одоохондоо хүндрэлтэй байгаа. Тэгэхээр, манай улсад эхний ээлжинд хэдий хэмжээний вакцин орж ирэх вэ?


-Ковакс байгууллага шинэ яаралтай жагсаалтад орж ирж байгаа вакцин үйлдвэрлэгч нар ДЭМБ-ын батламжийг авбал тухайн байгууллага дэлхийн улс орны хэнийг ч ялгаварлахгүй, хэнийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй хэлбэрээр олгоно гэж байгаа.

Хүртээмжтэй хэлбэр нь хэдэн вакцин гарснаас, хэдэн хүн амтай улс гэдгээс шалтгаална. Манай Монгол Улсад хэд оногдохыг бид мэдэхгүй. Ямар ч байсан эхний ээлжинд гарсан вакциныг авъя гэсэн улсуудад үнэгүй олгох юм билээ. Ковакс хүн амын 20 хувьд хүртэл үнэгүй олгоно. Түүнийгээ хүн амын 40 хувьд хүргэе гэвэл улс орнууд өөрсдөө мөнгө гаргана.

Одоогийн бүртгэгдсэн вакциныг түгээгээд эхэлсэн. Бүх улсад шууд 20 хувийг өгнө гэж байхгүй. Тийм хэмжээний вакцин гараагүй байна.


Манай бүс гэхэд ямар ямар улс оронд эхний ирж байгаа хэсгээсээ өгөх вэ гэж биднээр үнэлгээ хийлгэж байгаа. Вакцин хүлээн авахад бэлэн байдлыг хангасан уу гэсэн үнэлгээг хоёр дахь удаагаа хийсэн. Ковакс байгууллага үнэлгээг авч хүйтэн хэлхээ, хийх хүнээ эрэмбэлсэн эсэх, тушаал шийдвэр гарч, вакцин ирэхэд богино хугацааны дотор лиценз олгоход бэлэн болсон байдал зэрэг олон үзүүлэлтээр үнэлгээг явуулж 80 хувиас дээш байвал тухайн улс эхний ээлжинд вакцин авна. Манай улс хоёр дахь үнэлгээгээ өгсөн. Манайх харьцангуй боломжтой. Эхний ээлжинд эмнэлгийн ажилчдыг хамруулна.

Файзераас гадна “AstraZeneca”, “Moderna” байгаа. Өнөөдрийн байдлаар 36 орон вакцин хэрэглэж байна. Жишээлбэл, ОХУ “Спутник В” вакциныг хэрэглэж байгаа. Хамгаалалтын хувь нь 95 хувьтай. БНХАУ  Синовак, Синофарм гээд хоёр вакцин гаргасан. Тухайн улс үйлдвэрлэгч учраас ДЭМБ-аас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэтхэг улс удахгүй эхлүүлнэ гэж байгаа. Вакцинд лаборатори чухал. Хэрэв хөлдөх юмуу янз бүрийн юм болбол ус хийж байгаатай адил. Ямар орчинд, ямар хэмд, яаж тээвэрлэж хийх нь үйлдвэрлэгчийн зааварт байгаа. Бид түүнийг л барина.


-Манай улс иргэдийнхээ хэдэн хувийг вакцинжуулсны дараа аюулгүй гэж үзэх боломжтой вэ?


-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг учир заавал хүн амын хэдэн хувийг вакцинжуулна гэхгүй. Тэгэхээр хэдэн хувь нь татгалзахыг бид мэдэхгүй. Бидний тооцоогоор хүн амын 60 хувь буюу ойролцоогоор нэг сая хоёр зуун мянган хүнийг хамруулна гэж байгаа. Хэрвээ 60 хувьд нь хийвэл гайгүй. Түүний 20 хувийг үнэгүй хийнэ. Үлдсэн хувьд Засгийн газар мөнгө төсөвлөсөн юм билээ.

Холбоотой мэдээ