"Говийн мэдээ" сонины архиваар боловсролын салбарын эмхэтгэл гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-19 10:45:29
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн номын сангийн сан хөмрөгт орон нутгийн хэвлэл "Говийн мэдээ" сонины дугааруудыг архивлан хадгалж байдаг. Тухайн архиваас боловсролын салбартай холбоотой бүтээлүүдийг эмхэтгэн ном болгосон бөгөөд уг номоо цахимд шилжүүлсэн байна.
Аймгийн түүхийн лавлагааны чухал материал болсон "Говийн мэдээ" сониныг орон нутгийн түүхэн ном зохиол, байгууллага, хувь хүний намтар түүх бичих гэсэн олон иргэн уншиж судалдаг. Энэхүү сониныг 1945 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал эрхлэн гаргаж байсан түүхтэй. Тус номын сангийн сан хөмрөгт "Говийн мэдээ" сонины 1950 оноос хойших дугаарууд хадгалагдаж байдаг ажээ. 
2020 оныг Өмнөговь аймаг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан уг сониноос боловсролтой холбоотой мэдээ, нийтлэлүүдийг түүвэрлэн лавлагааны эмхэтгэл болгож уншигчдадаа хүргэж байна.
Эмхэтгэлээс аймгийн болоод сумдын сургуулиудын түүхэн нийтлэлүүд, ахмад багш нарын ажил үйлс, багш нарын тэргүүн туршлага, шилдэг сурагчдыг сайшааж, магтсан нийтлэл, аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр хийж байсан ажлуудын тухай унших боломжтой.
Холбоотой мэдээ