2020 оны хамгийн гайхалтай нээлтүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-01-19 17:45:05

Өнгөрсөн онд Орчлонт ертөнц үүсэн бий болсон дэлбэрэлттэй харьцуулж болохуйц хүчтэй дэлбэрэлт, дэлхий дээрх хамгийн урт амьтан зэрэг сонирхолтой нээлтүүдийг хийжээ. 2020 онд шинжлэх ухаанд бүртгэгдсэн ер бусын дээд амжилтуудын талаар “RT” цахим хуудаст нийтэлснийг хүргэж байна.


Хамгийн хол ниссэн шувуу

Хамгийн хол буюу 12200 км зайг зогсолтгүй нисэж туулсан дээд амжилтыг эрэгчин хурган цууцал (Limosa lapponica) тогтоожээ. Жижигхэн биетэй энэ шувуу 2020 оны есдүгээр сарын 16-нд Баруун Аляскаас гарч, есдүгээр сарын 27-нд Шинэ Зеландад бууж өвөлжжээ.


Хурган цууцлын нислэгийг хиймэл дагуулаас ажигласан бөгөөд зарим үед цагт 90 км-ийн хурдтай нисэж байсан байна.


Хурган цууцлууд Еврази, Хойд Америкийн тундрт үүрлэж, өндөглөдөг бөгөөд Австрали, Шинэ Зеландын сэрүүн, халуун бүсэд өвөлждөг байна. Хавар Шар тэнгисийн эрэг орчмын нутгаар дамжин гэртээ эргэн ирдэг ажээ.


Өөх тосны нөөц, аэродинамикийн төгс хэлбэр, энергийг хэмнэлттэй зарцуулах чадвар нь шувуудад тив хоорондын асар том зайг туулахад тусалдаг гэнэ.


Хамгийн эртний ихэр хүүхэд

Австралиас илрүүлсэн ихэр хүүхдийн үлдэгдэл нь 31 мянган жилийн настай бөгөөд үүнээс эртнийх нь одоогоор олдоогүй байгаа юм.


Ихэр хүүхдүүдэд аз таараагүй байна. Нэг нь төрөхдөө эндсэн бол нөгөө нь 50 хоногийн дараа нас барсан болохыг судлаачид тогтоожээ. 


Булшийг 2005 онд олсон боловч 2020 онд л ДНХ-ийн шинжилгээ хийж, нярай хүүхдүүд ихэр байсныг тогтоосон байна.


Хамгийн урт амьтан

“Ningaloo Canyons” хэмээх судалгааны баг Австралийн баруун эрэгт 45 метр урттай, сифонофор хэмээх жижиг организмуудтай таарчээ. Манай гараг дээр үүнээс урт сифонофор одоогоор олдоогүй аж. 


Эрдэмтэд “Apolemia” хэмээх төрлийн сифонофорыг харжээ. Эдгээр жижиг организм бие даан амьдрах чадваргүй тул бөөгнөрч нэг амьтан шиг нэгдэж амьдардаг байна. Сифонофор нь ихэвчлэн хэдэн зуун, заримдаа хэдэн мянган полип эсвэл зоооид гэж нэрлэдэг жижиг организмуудаас бүрддэг аж. Харин дээд амжилтыг эзэмшигч энэхүү сифонофор нь ямар нэгэн нууцлаг шалтгаанаар нэг сая орчим зооидыг нэгтгэжээ.


Орчлонт ертөнц дэх дууны хамгийн дээд хурд

Их Британи, Оросын эрдэмтэд манай Орчлонт ертөнцөд дуу чимээ секундэд 36 км-ээс хурдан тархаж чадахгүй болохыг тогтоожээ.


Дууны хурд нь янз бүрийн орчинд өөр өөр байдаг.  Агаарт нэг өөр, усанд, хатуу орчинд  бас нэг өөр байдаг ажээ. Жишээлбэл, очир алмаазанд дуу чимээ секундэд 18 км хурдтай тархдаг байна.


Хамгийн том яс мэлхий

Найман сая орчим жилийн өмнө амьдарч байсан эртний ястны мэлхийн хуяг Венесуэлд олджээ. Энэхүү хуягийн диаметр нь 2.4 метр юм.


Дэлхий дээр үүнээс том яст мэлхий байгаагүй гэж Цюрихийн их сургуулийн дэргэдэх Палеонтологийн хүрээлэн ба музейн эрдэмтэд мэдэгджээ. Аварга том хуяг нь 1145 кг жинтай байсан гэж эрдэмтэд тооцоолсон байна.


Дэлхий дээрх хамгийн эртний бодис

Манай гаргаас өөрөөс нь илүү урт настай бодис олджээ. Дэлхий 4.6 тэрбум жилийн настай бол уг бодис 7 тэрбум орчим жилийн настай гэнэ.


Одоогоор хамгийн эртнийх гэж тооцогдож байгаа бодисын маш бага хэсгийг Мурчисоны солироос илрүүлжээ. Эрдэмтэд Мурчисоны солирын насыг 4.65 тэрбум жил гэж тогтоосон байна. Энэ нь нарнаас 150 сая жилээр “ах” гэсэн үг юм. 


100 килограмм жинтэй уг чулуу 1969 оны 9-р сард Австралид унажээ. Гэхдээ дэлхий төдийгүй нарнаас ч эрт үүссэн тоосонцрыг 2020 онд нээсэн байна.


Хамгийн эртний эр бэлгийн эс

Хятад, Герман, Британийн эрдэмтэд Мьянмараас олдсон 100 сая жилийн настай хувнаас сам хорхойтой нэг төрөлд хамаардаг хэдэн арван остракодыг илрүүлжээ.   


Он цагийн явцад хув болон хувирсан давирхайд хадгалдагдаж үлдсэн энэхүү маш жижиг амьтдын дунд нэг эмэгчин байсан бөгөөд дотор нь эр бэлгийн эс, мөн үр тогтоогүй 4 өндгөн эс байсан байна. Остракод нь 500 сая жилийн өмнөөс өнөөг хүртэл далай, цэнгэг устай нуур, голд амьдарч ирсэн нэгэн жижиг амьтан.


Үүнээс өмнө эрдэмтэд 17 сая жилийн настай остракодын эр бэлгийн эсийг илрүүлж байсан бол 50 сая жилийн настай нэгэн төрлийн өтний эр бэлгийн эс хамгийн эртнийхт тооцогддог байжээ.


Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлт

Орчлонт ертөнцийг бий болгосон гэж үздэг Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлтийг одон орон судлаачид Тэнгэрийн мөрөн /Офиучус/ хэмээх одны ордонд бүртгэжээ.


NASA агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас манай Сүүн зам шиг 15 галактик багтахаар цоорхой сансрын плазмд үүсжээ.


Асар их энергийн энэ тэсрэлт биднээс 390 сая гэрлийн жилийн зайд болсон байна. Дэлбэрэлтийг “Chandra”, “XMM-Newton”, “Murchison Widefield Array”, “Giant Metrewave Telescope” зэрэг рентген дурангуудын тусламжтайгаар харж чаджээ.


Холбоотой мэдээ