Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-20 09:19:16

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр тус улсын 46 дахь ерөнхийлөгч болно.


Өдгөө 78 настай Ж.Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байгаа юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Вашингтон хотод болох бөгөөд Ж.Байден тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлнэ.


Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа Вашингтон дахь аюулгүй байдлыг ихээхэн чангатгасан юм. Тодруулбал, Үндэсний гвардын цэргүүд болон бусад зэвсэглэсэн алба хаагчид Капитолыг хамгаалж байна.


Тангараг өргөх ёслолын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш болон одоогийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцоно. Харин Д.Трамп оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тул тэрбээр 150 орчим жилийн хугацаанд халаагаа өгч буй хүнийхээ ёслолд оролцоогүй анхны ерөнхийлөгч болох юм.


Цар тахлын улмаас Капитолоос Цагаан ордон руу зохион байгуулдаг уламжлалт парадыг цуцалжээ. Мөн ердийн үед тангараг өргөх ёслолын үеэр олон хүн цугладаг Капитолын урд байрладаг “National Mall” талбайг энэ удаа хаах боловч Америкийн ард түмнийг төлөөлүүлэн 200 мянга орчим далбааг байрлуулжээ. 

Холбоотой мэдээ