БНХАУ-д суралцаж буй “Шилдэг оюутан” Ө.Одбаярын бичсэн эссе

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-20 14:26:16

            Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас тухайн жилд сурлага хөдөлмөр, хичээл зүтгэл, нийгмийн идэвх, судалгаа шинжилгээний ажлаараа бусдыгаа манлайлж, амжилттай суралцаж буй оюутнуудад Элчин сайдын нэрэмжит шагнал гардуулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Өнгөрөгч 2019-2020 оны хичээлийн жилд Хойд Хятадын эрчим хүчний их сургуулийн магистрын 2 дугаар курсийн оюутан Ө.Одбаяр өөрийн бичсэн “Цар тахлын дараах үеийн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа” эссегээр тус шалгаруулалтад тэргүүн байр эзлэсэн юм.

Тэрээр энэхүү эссегээрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цар тахал талуудын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар болон БНХАУ-ын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үр шимээс манай улс хэрхэн бодит ашиг хүртэж, хамтын ажиллагааг ямар байдлаар хөгжүүлж, уялдуулах вэ зэрэг асуудлуудыг хөндсөн юм. Ингээд та бүхэнд түүний бичсэн эссег сонирхуулъя...

 

Цар тахлын дараах үеийн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа

2019 оны 12-р сарын сүүлчээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын Халдварт өвчин хяналтын төв тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдол илрүүлжээ. 2020 оны 1-р сарын 8-ны өдөр БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтний багийн эхний дүгнэлтээр уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоосон байна[1]. Улмаар энэ өвчин хурдтай халдварлаж хоёр сарын хугацаанд БНХАУ-д 78 мянга гаруй хүн өвчилж гурван мянган хүн нас бараад байсан хүнд цаг үед Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан нь хоёр улсын 70 жилийн түүхтэй дипломат харилцааг бататгасан ба тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн хохирол амсаж байгаад эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан бөгөөд энэ нь мөнгөн тусламжаас илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг илтгэх юм гэсэн. Энэхүү айлчлалаар БНХАУ-ын ард түмэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, коронавирусын тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн буцан сэргэж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүгээр Монгол улс, БНХАУ-тай найрсаг харилцаатай хөрш орнууд болохыг дэлхийн тавцанд бататган харуулж чадлаа.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд анх удаа дипломат харилцаа тогтоож 1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан билээ. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан юм[2]. Монгол улсын хувьд БНХАУ-тай 4709.6 км урт газраар хиллэдэг бөгөөд хоёр улсын хооронд жилд дунджаар давхардсан тоогоор 1.3 сая хүн харилцан зорчдог[3].Одоогийн байдлаар БНХАУ-аас шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч (70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт), нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орноос эхний байранд оржээ[4].

Ийнхүү хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, түүнийг дагасан бусад салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд МонголУлсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж, нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь нь БНХАУ-д ногдож байсан[5]. Энэ үед эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байсан юм. Гэвч коронавирусын тархалт гарснаар Монгол улсын Засгийн Газар шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 2020 оны 2 сарын 13-ны өдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжиж, Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоосон. 2020.03.11 өдөр  Женев хотноо болсон хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19)-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн болохыг мэдэгдсэн.

Цар тахал нь дэлхийн улс орнуудад эдийн засгийн хүндхэн сорилт учруулж байна. 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүнд уул уурхайн салбараас 3,194.5 тэрбум төгрөг, импортоос 3,496.3 тэрбум төгрөг, бусад хүчин зүйлээс 5,067.5 тэрбум төгрөг, татварын бус орлогоос 1,141.7 тэрбум төгрөгийг бүрдүүлэхээр тооцсон байна[6]. Гадаад худалдааны хувьд 2020 оны эхний 5 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 28%-иар буюу 1,580 сая ам.доллараар буурч 3,999 сая ам.доллар болсон[7]. Үүнд экспорт 39%-иар буюу 1,257 сая ам.доллараар, импорт 14%-иар буюу 323 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт нь нийт экспортыг 32 нэгж хувиар бууруулах шалтгаан болсон учир энэ бүтээгдэхүүний экспорт нь манай улсын эдийн засагт ямар чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.Монгол Улс 2019 онд нийт экспортын 93.8%-ийг БНХАУ-д нийлүүлсэн ба нийт импортын 41.8%-ийг БНХАУ-с авсан. Дэлхийн банк, Монгол банкны тайлангаас харахад цар тахлын дараа Монгол Улс БНХАУ-тай нэн яаралтай экспорт, импортын харилцаагаа сэргээх нь манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Дэлхийн улс орнуудын төлөвлөж байгаагаар цар тахлыг намжаах ганц арга зам нь ард иргэдээ вакцинжуулах явдал юм.

Дэлхий даяар вакцин хөгжүүлэх 130 орчим төсөл хэрэгжүүлж байгаагаас 13 нь идэвхтэй явж байгаа ба туршилтын гуравдугаар үе шатандаа ороод байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Сунь Чуньлан “БНХАУ-ын хөгжүүлж буй таван вакцин туршилтын сүүлийн шат буюу клиникийн туршилтын гуравдугаар шатандаа байгаа талаар мэдээлсэн.Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хүнс, эмийн шалгалт судалгааны хүрээлэн, Sinovac, Sinopharm Zhong sheng компаниудын ажил байдалтай танилцаж туршилтын явцыг нарийн чанд, хянуур үргэлжлүүлэхээс гадна вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлтгэх чиглэл өгчээ[8].Одоогоор Перу улсад БНХАУ-ын Синофарм компанийн бүтээсэн коронавирусний вакцины туршилтыг хийж байна, мөн Индонез улс БНХАУ-ын SINOVAC компаниас худалдан авахаар захиалсан ба коронавирусний вакцины эхний ээлж буюу 1.2 сая тун вакциныг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан нь Зүүн өмнөд Азидаа цар тахлын халдвар хамгийн их тархаад буй Индонез улсын цар тахалтай тэмцэх үйл явц шинэ шатанд гарах боломжтой болсон[8]. Турк Улс БНХАУ-ын хөгжүүлж буй вакцины аюулгүй байдал, чанарт найдаж байгаагаа илэрхийлэн нэн яаралтай худалдаж авахаа мэдэгдээд, уг асуудал дээр БНХАУ-ын талтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна гэж мэдэгджээ. Үүнээс харахад Монгол Улсын хувьд ч гэсэн БНХАУ-аас вакцин авах нь хурдан үр дүнд хүрэх зөв гарц байж болох юм. БНХАУ-ын Засгийн газраас вакциныг хэрэглэж эхлэх үед Монгол Улсад тодорхой хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. БНХАУ-ын шинжлэх ухаан, техник технологийн ололт хөгжил, шинээр хөгжүүлж байгаа вакцинд итгэж найдаж болох олон үндэслэл байна.

Олон хүн дэлхий дээр коронавирус гэсэн ганцхан асуудал байгаа, хүн төрөлхтөн түүнтэй тэмцэж ядаж байна гэж ойлгож байна. Гэхдээ том улс гүрнүүдийн хооронд өрсөлдөөн улам ширүүсэж, хурц хэлбэрт шилжиж байна. Энэ өрсөлдөөний өрнөлийг  тэргүүний, дэвшилтэт, түлхүүр технологийн салбарт хамгийн тод харж болно. Яагаад гэвэл хэн түлхүүр технологийг эзэмшиж чадна, тэр нь “цар тахлын дараах” дэлхийд ноёрхоно. Энэ өрсөлдөөнийг АНУ, Хятад хоёр манлайлж, ОХУ, Япон удаалж байна. Саяхан Хятадад ганцхан сарын дотор 3 том үйл явдал боллоо.

Нэгдүгээрт,“Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль”-ийн эрдэмтэд “Зюжан” квантын компьютер бүтээсэн ба энэ компьютер нь 200 секундэд тооцоолол хийн 76 фотон сонгож чаджээ[9]. Үүнийг энгийн үгээр хэлбэл одоогийн хамгийн мундаг супер компюьютерээс 100 триллион дахин хурдан боджээ. Хэрэв энэ бодолтыг жирийн компьтерээр гүйцэтгэвэл 2,5 миллиард жилийн турш “бодох” байсан аж. Энэ бол компьютерийн болон бусад технологийн цоо шинэ эрин үе эхэлж буйг харуулж байна. Хоёрдугаарт,Хятадын “Чанъэ-5” хөлөг Саран дээр бууж, сарны 2 кг орчим дээж авч, тэнд төрийн далбаагаа мандуулав. Энэ нь хэдийгээр хамгийн анхны аялал биш боловч Хятадын хувьд технологийн аварга том үсрэлт мөн. Гуравдугаарт, Сычуань мужийн Чэндүгийн судалгааны лабораторид халуун цөмийн “HL-2M Tokamak” реакторыг туршилтаар ашиглалтад оруулав. Энэ шинэ реактор 150 сая градус хүртэл халсан плазмын туршилт хийх бололцоо олгож байна. Үүнийг энгийн үгээр хэлбэл өмнөх реактораас 3 дахин илүү буюу Нарны дотоод температураас 10 дахин их халуун гаргаж байна. Энэ реакторыг “хиймэл нар” гэж нэрлэх болжээ. Энэ бол эрчим хүчний технологийн салбарт бас л цоо шинэ хувьсгал гарч, технологийн шинэ эрин эхэлснийг нотолно. XXI зуунд эрчим хүчний систем ихээхэн өөрчлөгдөж байна. Эрчим хүчний 85%-ийг ухаж гаргадаг түлш эзэлж байгаа өнөө үед ногоон эрчим хүч цаашдын хэтийн төлөвийг тодорхойлох болсон. Энэхүү ногоон технологийн салбар дахь түлхүүр бүрдэл, шинэ технологи боловсруулахад БНХАУ манлайлж эхэллээ. Өнөөдөр БНХАУ-ын компаниуд дэлхийн нарны модулийн 72%, лити-ионы аккумуляторын 69%, салхин турбины 45%-ийг үйлдвэрлэж байна. Дээрх мэдээллээс харахад, БНХАУ-ын шинжлэх ухаан, техник технологийн хөгжил маш өндөр түвшинд хүрч байна.

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд нөлөө үзүүлдэг суурь хүчин зүйлүүдийг дурдвал, хүн амын тоо болон хөгжлийн түвшингийн зөрүүнээс шалтгаалж нэг нь хэт давамгайлах, нөгөөх нь хэт хамааралтай болох эрсдэл үүсдэг. Хятадын эдийн засаг дэлхийд 2-т, Монголын эдийн засаг дэлхийд 133-т байдаг[10].Монгол Улс 3 сая хүн амтай, БНХАУ 1.3 тэрбум хүнтэй … гэх мэтээр үргэлжилнэ.  Мөн Монгол Улсын газарзүйн хашигдмал нөхцөл нь гаднаас хамаарах нөхцөлийг улам хүндрүүлдэг. Энэхүү хамаарлыг бууруулахад гадаад орчин, дотоод бодлого хоёр гол нөлөөтэй. Гадаад орчны хамаарлыг ойрын ирээдүйд нэн даруй бууруулах боломжгүй, харин дунд болон хэтийн алсдаа “Нэг бүс, нэг зам”, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн эдийн засгийн интеграц-ууд хэр амжилттай болохоос шалтгаалж, гуравдагч зах зээлтэй холбогдсоноор хамаарлыг саармагжуулах боломжтой. Харин биднээс шууд хамаардаг дотоод бодлого буюу ужиг хамаарлыг саармагжуулж олон талт болгох, төрөлжүүлэх чиглэлд түлхүү ажиллах ёстой болж байна.

2010 он гэхэд Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзлэх болж, нэг улсаас хэт хамааралтай болсон байв. Монгол Улс шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа (2010 он) нэг улсаас авах хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг. Үүний дараа жил буюу 2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр энэ хувь огцом тэнцвэржиж, Хятадын хөрөнгө оруулалт 30 гаруй хувийг эзлэх болсон юм[10]. Гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татан оруулснаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх орон зайг илүү тэлсэн, хоёр талд болон гуравдагч талд ч ашигтай, тэр тусмаа Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах чухал бодлого арга хэмжээ байлаа. Цаашид БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, эдийн засгийн коридорын төслүүдээр дамжин хөрөнгө оруулалт улам нэмэгдэх хандлага бий, тиймээс бид бусад улсын хөрөнгө оруулалтыг мөн адил түвшинд нэмэгдүүлж явахад анхаарч ажиллах ёстой гэсэн үг. Энэ чиглэлд гурван талын хамтарсан буюу “Монгол+Хятад+гуравдагч тал” гэсэн хамтарсан хөрөнгө оруулалтын загварыг ч хэрэгжүүлэх боломжтой.

БНХАУ далай тэнгист түшиглэсэн даяаршлыг өөрчилж эх газар уруу тэлж өргөжүүлэх зорилготой “Нэг бүс, нэг зам” санаачилга дэвшүүлснээр далайд гарцгүй орнуудыг далайтай холбох, Евразийн эх газарт хэлхээ холбоог бий болгох стратеги дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын гуравдагч зах зээлтэй холбогдох боломж буюу нэг улсаас хэт хамаарлаа бууруулах боломж байж болохын зэрэгцээ Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны орон зайг тэлж өгөх ач холбогдол бий. Нийгмийн салбарт хэт хамаарлаас болж нэг улсын нөлөөнд автах вий гэсэн ард иргэдийн зовнилоос үүдэлтэй “Хятадын эсрэг үзэл” Монголд түгээмэл байдаг. Гэхдээ хамтын ажиллагаа нэмэгдэхийн хэрээр иргэд хоорондын ойлголцол сайжирч буй хандлага бий. Монголчуудын хамгийн сайн түнш орон аль вэ гэж иргэдийн санал асуухад 2005 онд ердөө 14 хувь нь БНХАУ гэж нэрлэж байсан бол 2018 онд 23.7 хувь болж аажим боловч нэмэгдсээр байна[10].

Хүн амын тоо болон хөгжлийн түвшний ялгаа нь хоёр талын хамтын ажиллагаанд хүндрэл учруулдаг. Хөгжлийн түвшний зөрүүгээс болж Монгол Улс цаашид түүхий эдийн ханган нийлүүлэгч бааз хэвээр үлдэх эрсдэлтэй байдаг. Энэхүү эрсдэлийг бууруулах гол шийдэл нь Монгол Улс эрчимтэй хөгжих явдал юм. Энэ нь дотооддоо нэгдмэл бодлого явуулж, гадаад боломжуудаа сайн ашиглах асуудал билээ. 

Манай хөрш БНХАУ хөгжлийн ямар түвшинд яваа, ирээдүйд хаана хүрэх талаар бид ойлголтоо гүнзгийрүүлж, тэднээс суралцаж өөрсдийн орон зай, байр суурийг бэхжүүлэх, хөгжлөө эрчимжүүлэх шаардлагатай цаг үе иржээ. Тиймээс бид БНХАУ-ын хөгжлийн талаар судалж, харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх, ард иргэдэд зөвөөр ойлгуулах шаардлага байна. Бидэнд байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний нөөц, мал аж ахуй, аялал жуулчлал гэх мэт зөв бодлогоор хөгжүүлж БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг улам илүү түвшинд хүргэх боломж бүрэн дүүрэн байна.  

 

Өрнөхбаяр ОДБАЯР

 

 

Холбоотой мэдээ