Булган уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-20 16:16:37

Булган /МОНЦАМЭ/ Булганыхны эртнээс тахин шүтэж ирсэн хайрхны нэг нь Булган уул юм. Аймгийн төвийн баруун хойд зүгт байх Баян төгс, Орой эрэгцэг, Огтор булуу‚ Чойжингийн овоо, Хонгор нүүр, Хөх чулуут, Хөх шовх, Агуйтын гозгор хэмээх 9 оргилтой уул.

ХVI зууны Хутагтай Сэцэн хун тайжийн зохиосон “Алтан хааны цаазын бичиг" болон ХVIII зууны “Халх журам"-д Хан Хэнтий‚ Хөгнө хан, Зоргол хайрхан зэрэг уулыг дархлан хамгаалсан байдаг тул тэр үеэс Булган уул дархлагдан хамгаалагдсан бололтой хэмээн эрдэмтэд үздэг. Нутгийн ардын аман мэдээгээр ХХ зууны эхээр Булган хан ууланд ан агнах, мод огтлох, газрын хөрсийг хөндөх, ухах, хад чулуу нураах, хиншуу хярвас тавих зэргийг хориглож‚ ам бүрт харуул манаа суулгаж байсан гэдэг. Булган уулын тухай нэгэн домогт өгүүлснээр:

Автай Сэцэн хааныг Баруун зуу ороод буцахад нь Булган хүрэмтэй залуу дагаж иржээ. Нэг хартал залуу алга болжээ. Учрыг далай ламаас асуулгавал:

-Манай нутгийн Марчин омбороо гэдэг савдаг дагаж очсон. Танай нутагт нутаглах гэж явсан гэжээ. Тэр савдаг одоогийн Булган ууланд оршсон тул уг уулыг Булган хүрэмтийн уул гэж байснаа товчлогдон “Булган уул” гэж нэршсэн байна.

Булган хан уулын зуун өмнөд хөндийд Дайчин вангийн хүрээ байсан юм. Халхын Түшээт хан аймгийн Дайчин вангийн өвөг дээдсээс эхлээд Булган уулыг ихэд ёслол төгөлдөр тахидаг байжээ. Их Хүрээний бичээч цорж Агваандорж ламын монгол хэлээр зохиосон “Монгол орны дэлхий эзэд тахил өргөх сангийн судар оршвой” хэмээх судрыг үндэслэн Булган уулын тахилгын судрыг бий болгожээ. Булган хан уулын савдаг өндөр цагаан залуу байсан хэмээн лам нар
хуучилдаг.

Булган хан уулыг тахих ёслолын тухай академич Ж.Болдбаатар сурвалж бичиг, аман түүхийн мэдээнд тулгуурлан дэлгэрэнгүй өгүүлжээ.

Булган хан уулыг тахих ёслол тайлгыг хошууны тамгын газар Дайчин вангийн хүрээний их Хамба ламын захиргаа зуны эхэн сарын шинэдээр нар буцахын өмнөх өлзийт сайн өдрийг сонгон товлож, нийтэд зарлан тахидаг. Дайчин вангийн хүрээний 12 аймгийн хамба цорж, аграмба, гавж, гэвш зэрэг дэд лам нар овоо тахилаа очиж үзэн, 2-3 хоног лусын эрхэт хаан Луваан (жалба), аливаа гай зовлонгоос гэтэлгэгч бурхдыг урин дуудсан “Одны тахилга", “Савдагийн тахилга", Жамсран”, “Намсрай” зэрэг судрыг уншиж, ерөөл хуран хошууны бух нутаг ус, хүн мал амьтныг гай гамшиг, өвчин тахал, ган зуд, үер, салхи шуурга, аянга цахилгаан, гал түймэр, үймээн самуунаас хамгаалан, амгалан тайван, аз жаргалтай амьдрахыг даатгаж, сан тахил өргөн ёслол үйлдэнэ.

Булган хан уулын тахилгын үеэр хошууны айл өрх бүр чадал чинээний хэрээр цагаан идээний дээж, сүү, айраг, тараг, хоормог, ааруул, бяслаг, толгой, шийр өвчүү, сүүлийг хуйхлан чанаж авчирна. Овоон дээр гарсан бүх хүмүүст
хишиг хүргэнэ. Идээ цагаа махан шүүс авчирсан айл өрх бүрийн саванд хадаг, цай, чихэр, боов, хүж, арц, лаа, чүдэнз зэргийг өглөгийн хэмжээнд тохируулан хуваарилна. Овооны тэр хишгийг гэртээ авчраад бурхан тахилдаа түрүүлж
өргөөд гэрийнхэн болон айлынхандаа хүртээдэг заншилтай. Овооны тахилгад оролцох хүмүүс самбай хадгаас эхлээд бэлгэдэл болсон зүйлээр хандив өргөдөг уул усныхаа эздийг хүндэтгэн тахиж баярлуулан, сулд хийморио даатгадаг.

Гол овооны дэргэд 1000 литрээс доошгүй багтаамжтай зэс тогоог гурван чулуун тулган дээр байрлуулж айл бүрээс ирсэн тараг, хоормогоор дүүргэн оролцогчид хувааж ууцгаана. Булган хан уулын орой дээр бүсгүй хүн гарах учиргүй. Хатад, язгууртан эмэгтэйчүүд, аягач, шивэгчин нар овооны тахилганаас нэлээд доор “Хатдын хад” хэмээх газар үлдэж тусгайлан бэлтгэсэн майханд байрлана. Тэд эрчүүдээ овооноос бууж ирэхэд овоо тахилгын идээ, будаанаас хүртэж, орон хангайдаа суу, цайны дээж өргөнө.

Ачуут голын эхний лусын нуур заримдаа Сээрийн гол-Мандал овооны орчим идээ, будаа өргөж овоо, лусын наадам хийдэг байжээ. Овооны наадамд бөх барилдах, хурдан морь уралдана.

Булган хан уулыг 1937 онд тахиснаас хойш олон жил засварлаж байгаад 1993 оноос аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн хамгаалалтад авч, овоо тахилгыг сэргээж, хэд хэдэн удаа овооны тахилга хийсэн юм.

Холбоотой мэдээ