Боксын шигшээ багийн тамирчид сургуулилтын зөөврийн хэрэгсэлтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-25 12:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид "Найрамдал" олон улсын хүүхдийн зусланд энэ сарын эхээр Токиогийн олимпын наадмын нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарсан билээ.  


Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгч ОУХМ Б.Батбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар санаачлан "Найрамдал"-д бэлтгэлд гараад байгаа шигшээгийн тамирчдынхаа тухайн нөхцөл байдал, цаг үед нь тохируулан сургуулилтын зөөврийн хэрэгсэл /мешок/-ийг “Түмэн төмөрт” ХХК-д захиалж хийлгэн, тамирчдад хүлээлгэж өгсөн байна.



Спортын төв ордны боксын зааландаа байгаа мэт бэлтгэлээ базаах боломжийг энэхүү зөөврийн хэрэгсэл хангаж өгч байгаад тамирчид баяртай байна.


Тус зөөврийн хэрэгсэлтэй болсонд талархсан гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн: “Бид “Бээжин-2008” олимпын наадмын бэлтгэл, цугларалтыг Эрдэнэт үйлдвэрийн "Сэлэнгэ"-амралтын баазад хангасан юм.Тухайн үед гадаа сүүдрэвчээс мишокоо өлгөчихөөд л тачигнуулдаг байсан даа. Тэр үеийн манай багийн тамирчид санаж байгаа байх. Спорт заал баригдаж байсан үе л дээ. Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багш маань үргэлж л "Зөөврийн хэрэгсэлтэй болох хэрэгтэй байна” гэж ярьдаг байж билээ” хэмээн дурссан юм.



Токиогийн тэнгэрт Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулан, зуны олимпын 32 дугаар наадмын алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд тамирчдаа гаргаж төрийн далбаагаа мандуулах их үйлсэд бэлтгэж байгаа боксын баг тамирчид, хамт олон бэлтгэл сургуулиа ийнхүү эрчимтэй базааж байна.

Холбоотой мэдээ