ОХУ дөрвөн улстай нислэгээ сэргээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-27 10:13:27

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ лхагва гаргаас эхлэн Финланд, Вьетнам, Энэтхэг болон Катар улстай коронавирусний цар тахлын улмаас зогсоогоод байсан нислэгээ сэргээжээ.


Оросын агаарын тээврийн компаниуд одоо Москва-Ханой (долоо хоногт хоёр удаа), Москва-Дели (долоо хоногт хоёр удаа), Москва-Хельсинки (долоо хоногт хоёр удаа), Санкт-Петербург-Хельсинки (долоо хоногт хоёр удаа), Москва-Доха (долоо хоног гурван удаа) чиглэлүүдэд нислэг үйлдэх боломжтой болсон байна.


Одоогийн байдлаар зөвхөн “Аэрофлот” компани л эдгээр чиглэлд нислэгээ сэргээхээр болсноо мэдэгджээ.


Коронавирусний цар тахлын улмаас ОХУ өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм. Цар тахлын үеэр тус улс тусгай үүргийн 580 гаруй нислэг үйлдэж, 92 мянга гаруй иргэнээ эх оронд нь авчирчээ.


ОХУ бусад улстай нислэгээ аажмаар сэргээж байгаа бөгөөд одоогийн байдлаар Турк, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, Серби, БНСУ, Япон, Этиоп, Куба, Вьетнам, Энэтхэг, Катар, Сейшелийн арлууд болон Мальдивын зарим хот руу нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна.


Холбоотой мэдээ