Дурангийн хагалгааг суманд анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-01 14:24:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн мэс заслын эмч нарын баг Тариат суманд хоёр өдөр ажиллаж, 10 хүнд дурангийн хагалгаа хийсэн тухай мэдээг сумын сурвалжлагч В.Хасбаатар бичжээ.

Тодруулбал, цөсний хүүдий авах 4, эвэрхий оёх 2, архаг мухар олгой 1, өндгөвчний уйланхай авах 1, ясны хадаас авах 1, шамбарамын 1 хагалгааг тус тус хийжээ.

Тариат суманд Японы Хүүхдийг Ивээх сангийн "Денан" төслийн хүрээнд 23,0 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн унтуулгын аппараттай болсон. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар дурангийн мэс заслыг хөдөө суманд анх удаагаа ийнхүү хийжээ.

Энэхүү хагалгаанууд нь сумын эмнэлэгт мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг чанаржуулах, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгыг мөн агуулсан байна.

Суманд мэс заслын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч, клиникийн профессор А.Баттулга, ерөнхий мэс засалч, бөөр шээсний замын мэс заслын эмч Э.Балжинням, ерөнхий мэс засалч, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч А.Ганхуяг, мэдээгүйжүүлгийн эмч Н.Ганбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Дүнжиймаа, хагалгааны сувилагч С.Одонтунгалаг нар болон Сум дундын эмнэлгийн эмч сувилагч нар хагалгааг хийжээ. 

Холбоотой мэдээ