НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчтай цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-02 17:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны дарга Б.Батдаваа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишратай цахимаар уулзаж, санал солилцлоо.


Уулзалтад ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад талархал илэрхийлэв.


ҮСХ нь Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Ялангуяа Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай тогтмол хамтран томоохон төсөл хөтөлбөр, тооллого, судалгааг амжилттай хэрэгжүүлж, зохион байгуулж ирсэнийг дурдлаа.


Мөн цар тахлын хүнд үед хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, сорилтыг хамтран даван туулна гэдгээ онцлов.




Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах зорилгоор CovidMongolia.mn веб сайт нээсэн. Үүнд ҮСХ-ны тоон мэдээллийг ашиглах, тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийг тооцоход хамтарч ажиллах саналаа илэрхийллээ.


Түүнчлэн, НҮБ-аас нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашид бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв.

 

Холбоотой мэдээ