Хавдрын эсрэг Дэлхийн өдөр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-02-04 14:15:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 2 дугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг Дэлхийн өдөр”  болгох санаачилгыг НҮБ-аас гаргаснаар  2005 оноос эхлэн тэмдэглэх болжээ.


Анагаахын шинжлэх ухаанд “эрхтэнд шинэ эд үүсэж бий болох  зүйлийг  хавдар" гэж нэрлэдэг аж. Хавдрыг дотор нь  хортой, хоргүй гэж хоёр хувааж үздэг. Бүх эд эрхтэнд хавдар үүсэх боломжтой. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Хавдрын үед эс ямар ч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаадаг байх жишээтэй. Хавдрын эс биеийн бусад хэсгүүд рүү цусаар тархан хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эс ургуулдаг. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус болон лимф буюу тунгалгийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг.


Дархлааны тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгадаг. Ямар нэг шалтгааны улмаас дархлааны тогтолцоо гэмтсэн, мөн дархлаа дарангуйлах үйлчилгээтэй эм хэрэглэх үед  хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг юм байна. Хорт хавдрын төрлүүд хоорондоо  харилцан адилгүй. Тухайлбал, элэгний, ходоодны, хөхний  хавдар нь эсийн гарал үүслээрээ хоорондоо ялгаатай. Иймд хавдрын төрлөөсөө хамаарч өвчтөн бүрд өөр өөр эмчилгээ  хийх шаардлагатай болдог байх юм. Эрүүл бус эсүүд өсч үржихийг хавдар гэнэ. Үүссэн хавдар өөр бусад эрхтэнд очиж байрлан үржихийг үсэрхийлсэн хавдар гэх жишээтэй. Тэдгээрээс элэгний хавдар, тэр дотор элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядрах, гэдэс цанхайх, нуруу, мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовиур илэрдэг юм байна.


Монгол Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Хорт хавдрын нийт өвчлөлийн төвшинг хүйсээр харвал 2019 онд эрэгтэйчүүдийнх 19.9 болж, эмэгтэйчүүдээс 1.8-аар их байна.


Хорт хавдрын өвчлөлийг насны бүлгээр, 2019 оны байдлаар өвчлөгчдийн 90 гаруй хувийг 40-өөс дээш насныхан эзэлсэн байна. Мөн  өвчлөлийг хүйсээр харвал 0-29 насны хооронд хүйсийн ялгаа бага. Харин 30-44 насанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5-4.2-оор их, 45-аас дээш насанд эрэгтэйчүүд илүү хорт хавдраар өвчилжээ. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн тоогоор 2019 онд Говьсүмбэр, Баянхонгор, Улаанбаатар, Баян-Өлгий, Өмнөговь аймагт улсын дунджаас бага байгаа бол харин Дорноговь аймагт улсын дунджаас их байна.


Улсын хэмжээнд 2010-2019 онд нийт 54607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20200 тохиолдол буюу 37.0 хувийг элэгний хорт хавдар эзэлжээ. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн төвшинг тэргүүлэх 5 өвчний төрлөөр сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад элэг, умайн хүзүү, улаан хоолойн хавдрын өвчлөлийн төвшин 0.1-0.3 хувиар буурчээ.  Тэгвэл ходоод, уушгины хавдрын өвчлөл  нэмэгдсэн байна. Элэгний хорт хавдар үүсэх  гепатит В (HBV), C (HCV) эсвэл дельта (HDV) вирусийн архаг халдвар гол шалтгаан нь байжээ. Түүнээс гадна согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй болох нь  судалгаагаар тогтоогдсон байна.


ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн дунджаар 100000 хүн амд ногдох элэгний хорт хавдрын тохиолдлын тоо 8.4, түүнээс их байвал өвчлөл маш өндөр гэж тооцдог гэнэ. Улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд элэгний хорт хавдрын 9310 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлт 2019 онд 2184 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 534 (32.3 хувь)-өөр, өмнөх оноос 347  буюу 18.9 хувиар тус тус нэмэгджээ.


Монгол Улс хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй. Харин нас баралтаараа дэлхийн 195 орноос  тэргүүлдэг байх юм. Ийм учраас хорт хавдар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал  хэвээрээ байгаа бололтой. Энэ байдлыг өөрчлөхийн тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилж эдгэрүүлэх хоёрыг тусгаарлах ёстой гэж хавдар судлалын мэргэжилтнүүд хэлжээ. Тэр үнэн биз.

 

Холбоотой мэдээ