Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-25 17:11:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дасгал хөдөлгөөн ба хөдөлгөөний хомсдолын талаарх ДЭМБ-ын удирдамж”-ийг танилцуулах цахим хурал боллоо.

Дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай байна. Хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг халдварт бус өвчнийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна. Дэлхий нийтээр тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломж буурч хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал өсөн нэмэгджээ.


Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэдгийг ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4 дүгээр судалгаанд дурджээ.


ДЭМБ-аас 2010 онд эрхлэн гаргасан “Эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний дэлхийн зөвлөмж”-ийг шинэчлэн боловсруулж хүн амын нас, хүйс, ажил мэргэжил, архаг суурь өвчин, хөгжлийн бэрхшээл зэргийг үндэслэн “Дасгал хөдөлгөөн ба хөдөлгөөний хомсдолын талаарх удирдамж”-ийг баталсан. Энэхүү удирдамжийг олон улсын эрдэмтэн, судлаачдын 1300 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, нотолгоонд тулгуурлан анх удаагаа хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, жирэмсэн болон амаржсан эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүн амд зориулан боловсруулснаараа онцлогтой байв. ДЭМБ гишүүн орнууддаа уг удирдамжийг өөрийн улс орны онцлогт нийцүүлж боловсруулан цаашдын бодлогын бичиг баримтад тусган хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон юм.

ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран үндэсний хэмжээнд энэхүү удирдамжийг эрүүл мэнд, биеийн тамир, спорт, боловсролын салбарыг төлөөллийг оролцуулан танилцуулах цахим хурлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн цахим хурлыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар үг хэлэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, ДЭМБ-ын энэхүү удирдамжийг үндэсний хэмжээнд, өөрийн орны онцлогт нийцүүлэн цаашдын үйл ажиллагаандаа бүх талын оролцоог хангаж, өргөжүүлэн ажиллахад анхаарал хандуулна хэмээн цохон тэмдэглэв.

Цахим хуралд ЗГТА-БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан “Биеийн тамирын чиглэлээр баримталж буй бодлого, зорилт, цаашид авах арга хэмжээ”, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа “Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, сурталчлах чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа”, ДЭМБ-ын Женев дэх Төв байгууллагын мэргэжилтэн Др. Хуана Виллиамсен 2020 онд батлагдсан “Дасгал хөдөлгөөн ба хөдөлгөөний хомсдолын талаарх удирдамж”-ийг танилцуулав.

 

Холбоотой мэдээ