Барилга угсралт, их засварын ажлын 97,6 хувийг дотоодын компаниуд гүйцэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 12:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрч, 4.6 (97,6 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 114.3 (2,4 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.


Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оныхоос 174.2 (3,6 хувь) тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 17.6 (0,4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 191.8 (62,7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.


Дотоодын байгууллагаас төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 521.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 371.9 (3,5 дахин) тэрбум, гадаадтай хамтарсан байгууллагынх 78.3 тэрбум төгрөгт хүрч, 49.7 (2,7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн бол хувийн байгууллагынх 4.0 их наяд төгрөг болж 404.0 (9,2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Барилга угсралт, их засварын ажлын 28,7 хувийг орон сууцны, 36,0 хувийг орон сууцны бус, 32,4 хувийг инженерийн барилга, байгууламж, 3,0 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оныхоос инженерийн барилга байгууламжийн эзлэх хувь 10,1, их засварын эзлэх хувь 0,6 пунктээр өсөж, орон сууцны бус барилгынх 10,5, орон сууцны барилгынх 0,3 пунктээр багасав.


Орон сууцны бус барилга нийт барилга угсралт, их засварын ажлын 36,0 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 574.4 (25,4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд, үйлдвэрийн барилга 447.0 (38,7 хувь) тэрбум, сургууль, соёлын барилга 45.6 (8,5 хувь) тэрбум, эмнэлгийн барилга 40.4 (34,1 хувь) тэрбум, худалдаа, үйлчилгээний барилга 29.8 (21,9 хувь) тэрбум, орон сууцны бус бусад төрлийн барилга 11.7 (3,6 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Улаанбаатар хотод 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь улсын дүнд 39,8 хувийг эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад 5.0 пунктээр багассан аж. Харин 60,2 хувийг орон нутагт барьж буй барилга угсралт, их засварын ажил эзэлжээ.


Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 1.1 их наяд, Дорноговь аймагт 537.3 тэрбум төгрөг болжээ.  Тус аймгуудад төмөр замын барилга угсралтын ажил эрчимтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ