Д.Нарангэрэл: Вакцинжуулалтаар хөнгөн зовуурь илрэх нь дархлаа тогтож байгаагийн илрэл

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-02-28 13:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой болон үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Гэхдээ тандалт судалгаагаар дээрх шинж тэмдэгүүд 2-3 хоногийн дараа бүрэн арилж буйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлж байна. Тэрээр, "Дархлаажуулалтын дараах урвал бүхий хүндрэлүүд бүхий л вакциныг хийхэд гарч байгааг бусад улс орны анагаахын мэргэжилтнүүд мэдээлж байна. Манай улсын хувьд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг бүхий зовууриуд зонхилон гарч байна. Гэхдээ эдгээр нь хөнгөн хэлбэрээр тохиолдож байна. Ингэж зовуурь мэдрэгдэж байгаа нь дархлаа сайн тогтож байгаагийн нэг илрэл гэж үздэг" гэв. 

Халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа илэрч байгаа урвалын талаар vis.health.gov.mn хаягаар мэдээлэхийг Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлж байна. 



Коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсын 90 хувь нь цар тахлын голомтод болон хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнууд байгаа юм. Вакцинжуулалтад ирэх сарын дунд үе гэхэд эрүүл мэндийн 16 байгууллагын 14 мянган ажилтан, алба хаагчийг дархлаажуулж дуусах юм. Мөн хамгийн олон ажилтантай Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон Эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг эхний ээлжинд хамруулж байна. 



Холбоотой мэдээ