“Дэлхийн амгалан тайван байдлын итгэлцүүр"-т Монгол Улс 50 дугаарт бичигдэв

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-06-10 14:06:20

БИШКЕК. /CA-NEWS/. Эдийн засаг ба энхтайвны хүрээлэн 2016 оны “Дэлхийн амгалан тайван байдлын итгэлцүүр”-ийг /Global peace index 2016/ гаргасан байна. Шинжээчид дэлхийн 163 орны байдлыг судлахдаа, дотоодод болон гадаадад зөрчил байгаа эсэх, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн гаралтын түвшин, цэрэгжилтийн түвшин гэсэн шалгуураар үнэлжээ.

Төв Азийн орнуудаас Монгол Улс дээрх жагсаалтад “амгалан тайван байдлын өндөр үзүүлэлттэйгээр” 50 дугаарт орсон бол Казахстан 75 дугаарт, Туркменистан 106-д, Узбекистан 109 дүгээрт, Тажикистан 122 дугаарт, Киргиз 124 дүгээр бичигджээ. Бүс нутгийн бүх орон уг жагсаалтын “амгалан  тайван байдлын дундаж түвшин” ангилалд багтсан байна.

ОХУ-ын хувьд 151 дүгээрт орсон бол Украин 156 дугаарт жагссан байна. Тус хоёр орныг хамгийн  дайнч улсуудын тоонд оруулжээ.

Жагсаалтыг Исланд улс тэргүүлж, Дани, Австри, Шинэ Зеланд, Португал, Чех, Швейцарь, Канад, Япон болон Словен улс эхний аравт орсон байна. АНУ 103 дугаарт бичигдсэн бол Их Британи 47 дугаарт оржээ.

Өнгөрсөн онд хэдийгээр 81 оронд байдал тайван болж, 79 улсад тодорхой хэмжээнд амгалан тайван байдал тогтсон боловч “Дэлхийн амгалан тайван байдал”-ын үзүүлэлт 0.53 хувиар буурсан гэж Эдийн засаг ба энх тайвны хүрээлэнг үүсгэн байгуулагч Стив Киллелеа ярьжээ. 

Жагсаалтын сүүлд 2011 оноос хойш иргэний дайнд нэрвэгдсээр буй Сири улс орсон бол  Өмнөд Судан, Ирак, Афганистан, Сомали улс удаалжээ.

Шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа улс орон дахь хүчирхийллийн түвшин, гэмт хэргийн гаралт зэрэг дотоод дахь хүчин зүйлүүд болон хөрш оронтойгоо харилцаж буй байдал, цэргийн зардлын хэмжээ гэсэн 23 шалгуурыг харгалзан үздэг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ