БНХАУ зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-02 09:46:53

БЭЭЖИН. /Global Times/. БНХАУ энэ оны зургаадугаар сарын эцэс гэхэд 100 хүн тутамд 40 тун буюу нийт 560 сая тун “COVID-19”-ийн вакцин тарихаар төлөвлөж байна гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Жун Наньшань мэдэгдлээ.


БНХАУ-д хоёрдугаар сарын эцсийн байдлаар “COVID-19”-ийн 52 сая орчим тун вакциныг тарьсан гэж Ж.Наньшань даваа гарагт Вашингтонд төвтэй “Brookings” хүрээлэн, Бээжингийн “Tsinghua” их сургуулийн зохион байгуулсан цахим форумын үеэр мэдээлжээ.


Ж.Наньшань Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв зургаадугаар сарын эцэс гэхэд 100 хүн тутамд 40 тун вакцин хийхээр төлөвлөж байгааг дурдаад, цаашлаад сүргийн дархлааг тогтооход хугацаа шаардлагатайг онцлон хэлсэн байна.


Дэлхий дахин хэвийн байдалдаа хэзээ эргэн орох талаарх асуултад Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фу, бидний амьдрал өмнөхтэйгээ ижил түвшинд дахин хэзээ ч хүрэхгүй боловч ирэх оны зун гэхэд тун ойртож магадгүй юм хэмээн хариулжээ.


“Судлаачид коронавирусний хувилбаруудын эсрэг үр дүнтэй вакцинуудыг гарган авахаар ажиллаж байгаа тул хэвийн байдалдаа эргэн орох гол арга зам нь вакцин хийлгэх юм” гэж Ж.Наньшань хэлсэн байна. 

Холбоотой мэдээ