Бизнес эрхлэгчдэд ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-04 16:31:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, арилжааны банкнууд хамтран аймгийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд "Ажлын байрыг дэмжих зээл"-ийн талаар танилцууллаа.

Танилцуулгын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон холбогдох албан тушаалтнууд төр засгийн бодлого, зээлийн шалгуур үзүүлэлт, зарцуулалт, эргэн төлөлт зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн асуусан асуултуудад хариуллаа.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд “Ажлын байрыг дэмжих зээл” олгохоор шийдвэрлэсэн юм. Тухайн зээл нь 500 сая төгрөг хүртэлх хэмжээтэй, 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, эхний жил зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэй. 

Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох мэдээлэл, журмыг  арилжааны банкуудаас авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ