Энэтхэгийн “Covaxin” вакцин 81 хувийн үр дүн үзүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-03-04 16:59:18

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн дотооддоо гарган авсан, “COVID-19”-ийн эсрэг “Covaxin” вакцин 81 хувийн үр дүн үзүүлснийг эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүн харууллаа.


Энэхүү вакциныг “Bharat Biotech” компани, Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлийн судлаачид хамтран гарган авсан юм. “Bharat Biotech”-ийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтад 18-98 насны 25800 хүнийг хамруулсан байна.


Эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнг “COVID-19”-өөр халдварласан 43 тохиолдолд үндэслэн гаргажээ. Тодруулбал, тэдгээр тохиолдлын 36 нь идэвхгүй нэгдэл буюу плацебо хийлгэсэн байсан бол долоо нь вакцин тариулсан хүмүүс байжээ.


Мөн “Covaxin” Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг үр дүнтэй тэмцэж байгааг урьдчилсан дүн харуулсан гэж Энэтхэгийн Вирус судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна.


Хоёр тунт “Covaxin” вакцин нь Энэтхэгт гарган авсан, “COVID-19”-ийн анхны вакцин юм. Уг вакциныг худалдан авах хүсэлтэй байгаагаа Монгол, Мьянмар, Шри-Ланка, Филиппин, Бахрейн, Оман, Малдив, Маврики зэрэг 40 гаруй орон илэрхийлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ