Дэлхий даяар 300 сая гаруй тун вакциныг тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-09 10:48:36

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн 100 гаруй оронд “COVID-19”-ийн 300 сая гаруй тун вакциныг тарьжээ. Гэвч вакцинжуулалтын хурд асар ялгаатай байна.


Тодруулбал, зарим орон хүн амынхаа ихэнх хувьд хүрэлцэх вакцин авахаар тохиролцож, хүлээд аваад байгаа бол зарим орон вакцины эхний нийлүүлэлтээ ч аваагүй хэвээр байна.


Дэлхий дээрх насанд хүрсэн хүн бүрийг хамруулахыг зорьж байгаа тул энэхүү вакцинжуулалт нь дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамрах дархлаажуулалтын хөтөлбөрт тооцогдож байгаа юм.


Дэлхийн орнуудаас АНУ, БНХАУ-д хамгийн олон буюу 90 сая, 52 сая тун вакциныг тус бүр тарьсан бол Их Британи /23 сая тунгуравдугаарт бичигдэж байна.


Одоогийн байдлаар Европ, Америкийн бараг бүх орон "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтын аянаа эхлүүлээд байгаа бол Африкийн цөөн хэдэн оронд л эхлээд байгаа юм.


Дэлхийн улс орнуудад тарьсан вакцины тунгийн 100 хүнд ногдож буй үзүүлэлт


Мөн ядуу буурай олон орон “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрийн нийлүүлэлтэд найдлага тавьж байна. 


Гана өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан вакцин хүлээн авсан анхны орон болсон билээ.


COVAX” энэ оны эцэс гэхэд дэлхийн хэмжээнд хоёр тэрбум орчим тун вакциныг түгээхээр төлөвлөж байгаа боловч вакцинуудын олонх нь нэг хүнд хоёр тунг тарих шаардлагатай юм.


Хэрэглэж буй вакцины тухайд


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлийг хамгийн эхэнд авсан вакцин бол “Pfizer-BioNTech” компанийн вакцин. Энэхүү вакциныг ихэнх оронд тарьж байгаа боловч өөр вакцинуудыг ч мөн хэрэглэж байгаа юм.


Засгийн газруудын дийлэнх нь 60-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг эхний ээлжид вакцинжуулалтад хамруулах шийдвэрийг гаргаж байна.


Үүнээс гадна Израил, Их Британи зэрэг оронд вакцин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас баралтын тооноос гадна халдвар олон нийтийн дунд тархах байдлыг бууруулж буй үзүүлэлт хэдийнээ ажиглагдаад байна.


Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 гаруй вакцины үр дүн, аюулгүй байдлыг судлах туршилт үргэлжилж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ