Хурал цуглаан, урлаг, спортын тэмцээнийг тодорхойгүй хугацаанд хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-09 17:38:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр 13:00 цагт хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Учир нь гуравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос (халдвартай бүс нутгаас) Ховд аймагт агаарын тээврээр ирсэн иргэдээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хурдавчилсан тестээр шинжилгээ авахгүй нэвтрүүлжээ. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрт халдвар тархах эрсдэл бий болгожээ.

Үүнтэй холбогдуулан тухайн иргэдээс коронавирусний халдвараас сэргийлэх PCR шинжилгээ авч, гэрээр тусгаарлан ажиглаж, хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж ажиллахыг үүрэг болгов.  

Мөн агаарын тээврээр Улаанбаатар хотоос орон нутагт ирсэн иргэдээс 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн дотор PCR шинжилгээ, асуумж авч ажиллах юм.

Түүнчлэн коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал цуглаан, урлаг, спортын тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах тухай аймгийн Засаг даргын хэм хэмжээ тогтоосон захирамж гаргаж ажиллахыг үүрэг болгосон гэж Баруун бүсийн төв-Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ