Төрийн албаны ерөнхий шалгалтад 69 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-15 13:46:34

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад Архангай аймгийн хэмжээнд нийт 316 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Шалгалтад оролцогч иргэдийг 10 ээлжинд хуваарилан энэ сарын 12, 13-ны өдрүүдэд тав, таван ээлжээр хуваан зохион байгууллаа.

Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө тухайн ээлжинд орох иргэд рүү утсаар холбогдон шалгалтдаа ирэх талаар сануулж, мэдээлэл өгч ажилласан байна. Нийт 316 иргэн шалгалтад орохоос 59 иргэн ороогүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед 21 иргэний утас холбогдох боломжгүй, 8 иргэн утсаа аваагүй, 30 иргэн шалгалтад оролцох боломжгүй гэсэн хариу өгч, нийт 257 иргэн шалгалтад оржээ. Шалгалтад оролцсон иргэдийн 26.8 хувь буюу 69 иргэн ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тэнцэв.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд бүртгүүлсэн 316 иргэн тус бүр рүү утсаар холбогдон, ерөнхий шалгалтад ороход анхаарах зүйлс, хэдний өдөр хэдэн цагт шалгалтад оролцох, дүнгийн хуудсаа хэрхэн хэвлэх, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөх болзол, журамтай танилцах, мөн шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байх, нэг удаагийн амны хаалт, бээлий өмсөж ирэх талаар утсаар зааварчилга мэдээлэл өгчээ.  

Төрийн албаны Ерөнхий шалгалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн хоёр танхимд 40 компьютерийг байршуулан, холбогдох тохиргоог хийн, шалгалтын программыг тухай бүр тестлэн, гарсан алдааг засварлан бэлэн байдлыг ханган ажиллажээ. 

Холбоотой мэдээ