Алга болсон иргэдийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-15 14:11:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд болсон хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас Баянхонгор аймгийн Богд сумын Онцгой комисст 18 иргэн алга болсон тухай дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн мөрөөр тус сумын Онцгой комисс аврах, эрэн хайх ажиллагааг сумын ард иргэдийг оролцуулан шуурхай зохион байгуулсны үр дүнд тухайн өдөртөө алга болсон 14 иргэнийг олсон бол Жинст сумын Онцгой комисс хоёр иргэнийг тус тус эсэн мэнд олсон байна. 

Үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа шөнийн турш үргэлжилж, улмаар гуравдугаар сарын 15-ны 08.05 цагт 60 настай иргэн М-ийг гэрээсээ 15 орчим км-ийн зайд байх Давст нуурын бутан дотроос, 09.02 цагт 58 настай иргэн М-ийг гэрээсээ 30 км-ийн зайтай Гүний ховил гэдэг газраас олжээ. 

Эсэн мэнд олдсон хоёр иргэн бага зэргийн осголттой, нүүр ам салхи шуурганд цохигдон улайсан, нүдний нулимс урсах зэрэг шинж тэмдэгтэй олдсон бөгөөд сумын Эрүүл мэндийн төвөөс биеийн байдлыг тогтворжуулсан байна.

Холбоотой мэдээ