Тэжээлийн зургаан үйлдвэр, цех шинээр барихаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад үйлдвэрийн тэжээл 65-70 мянган тонн дутагдалтай байна. Үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалттайгаа уялдуулан тэжээлийн зургаан үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөжээ.
ХХААХҮЯ-ны
мэдээлснээр, улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар
буурцгийг түлхүү тариалж, тэжээлийн үйлдвэр, тэжээлийн
ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх шаардлагатай аж.
Ингэснээр бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэл 60 гаруй мянган тонноор нэмэгдэн, тогтворжсон жорын тэжээл үйлдвэрлэж хангамж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийн чадавх сайжирч, экспортлох нөхцөл бүрдэж,юм. Мөн хот суурин газрын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ.
Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан 30 аж ахуйн
нэгж, цех бий. Үүнд томоохон зургаан аж ахуйн нэгж байгаагаас
Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.
Тэжээлийн
үйлдвэр, цехийн 8 нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, олон төрлийн тэжээл үйлдвэрлэдэг. Мөн гурилын 27 үйлдвэр
ажиллаж, жил бүр 70-75 мянган
тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар, хүчин чадлаа нэмэхийн тулд тоног
төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн
дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэргийг цогцоор шийдэх шаардлагатай гэж дүгнэжээ.