Шанхайд бөмбөг дэлбэлсэн этгээд өрөнд орсон байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 10:13:45

ШАНХАЙ. /NHK/. Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн ням гарагт гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлсэн залуу их хэмжээний өртэй байсны улмаас ийм хэрэг үйлдсэн болохыг гар утсанд нь байсан мессеж харуулж байна.

Ням гарагийн үдээс хойш тус нисэх онгоцны буудлын хоёр дахь терминалын шалган нэвтрүүлэх цэгийн дэргэд тэрбээр бөмбөг дэлбэлсэн юм. Дэлбэрэлтийн улмаас дөрвөн зорчигч шархаджээ. Сэжигтэн хүзүүндээ шарх аван эмнэлэгт хүргэгдсэн байна.

Цагдаа нар хэлэхдээ “Дэлбэрэлт үйлдсэн этгээд 29 настай. Гуйжоу мужаас гаралтай боловч хоёр жилийн өмнө ажил хийхээр Шанхайгаас холгүй орших Зянсу мужид ирсэн” гэв. Сэжигтэн олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсон гэж цагдаа нар хэллээ.

“Бөмбөг дэлбэлэхийн өмнө тэрбээр “би олон нийтийг гайхшруулах зүйл хийнэ. Тэгээд дараа нь үхнэ” гэсэн мессеж бичсэн байсан” гэж мөрдөн шинжээчид ярилаа.

Сэжигтэн этгээд шар айрагны шилийг салютны нунтаг бодисоор дүүргэн тэсрэх бөмбөг хийсэн байжээ. Шархаа эмчлүүлснийх нь дараа сэжигтнийг цагдаа нар байцааж эхлэх ажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ