Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах концвенцын хэрэгжилтийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-23 14:34:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ.


Тайлангийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон жендерийн эрх тэгш байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бэхжүүлсэн нь үр дүнтэй ажил болсныг онцоллоо.


Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асууж, хариулт авав. Д.Сарангэрэл хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой, эмэгтэйчүүдэд зориулсан амьдрах ухааны сургалт явуулах боломж бололцооны талаар тодрууллаа. С.Ганбаатар өсвөр насны охидын төрөх, сургууль завсардах, амиа хорлох асуудал нэмэгдсэн талаар тайланд тэмдэглэсэн нь цочирдмоор ноцтой мэдээлэл гэдгийг онцлоод, эдгээрийг багасгах, зогсоох ажилд хэдэн төгрөг төсөвлөж, ямар ажил хийсэн талаар тодруулав. Ж.Чинбүрэн гэр бүл дэх эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн бодитой, үр дүнтэй ямар ажил хийж байгаа талаар асууж, хариулт авлаа.



Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хэрэгжилт үр дүнгийн талаар Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албан дарга Т.Энхбаяр танилцуулав. Жендерийн эрх тэгш байдлыг  хангах ажлыг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлжээ. Ингэхдээ, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтын хүрээнд ажиллаж буйг тэмдэглэв. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.


Дээрх хоёр тайлантай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ажлын багт хүрэлцэн ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга бөгөөд зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.



Асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Байнгын хорооны Ажлын баг байгуулах зарчмын санал гаргав. Уг саналын дагуу Байнгын хорооны дараагийн хуралдаанаас Ажлын баг гаргах чиглэлийг Байнгын хорооны дарга танилцууллаа.


Засгийн газрын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Оюунчимэг конвенц, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулахад Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Бодлогын зөвлөлтэй Нийгмийн бодлогын байнгын хороо хамтран ажиллаж, зөвлөмж хүргүүлэх талаар тэмдэглэсэн юм. Зөвлөмжөөр конвенц, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүтэц орон тоо, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт заавал тусгах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэргийг чиглэл болгох  юм байна. Тайланг хэлэлцэж дууссанаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ