Ө.Шижир: Ерөнхийлөгч ҮХЦ-д нөлөөлсөн гэх ташаа мэдээлэл гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нөлөөлсөн гэх ташаа мэдээ олон нийтийн дунд гараад буй талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир өнөөдөр тайлбар хийв.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж буйгаа мэдээллийн эхэнд тодотголоо. Тухайлбал, ҮХЦ болон Ерөнхийлөгчтэй холбогдолтой асуудал нь хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв хэмээн онцоллоо.
ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т “ХҮН”-ын дарга болох УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн Д.Үүрцайх нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн өөрийн байр суурийг 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн дотор тодорхойлж, илэрхийлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн хүрээнд хоёрдугаар сарын 24-нд Ерөнхийлөгч ҮХЦ-д өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн юм.
ЕТГ-ын дарга Ө.Шижир хэдэхдээ, "Энэ бол ямар нэг байдлаар ҮХЦ-д нөлөөлөх гэсэн, санаатай, зохион байгуулалттай үйл явдал биш юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний ирүүлсэн, байр суурийг тодруулах шаардлагатай тухай албан бичигт хариу өгөхтэй холбоотой байсан. Харамсалтай нь, үүнийг илтэд мушгин гуйвуулах, эсвэл зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, ҮХЦ-ийг дарамтлах гэх мэт үйл явц сүүлийн үед ажиглагдах боллоо. Үүнийг бид байж боломгүй явдал гэж үзэж байгаа" хэмээв.
Ерөнхийлөгч болон ЕТГ аливаа асуудалд улс төржихгүй, бодитой хандаж буйг тэмдэглээд, Ерөнхийлөгчийн сонгууль хуульд заасны дагуу явах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Сонгуульд хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдах асуудал биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон аливаа бусад хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, аливаа хуулийг мушгин гуйвуулах, улс төржүүлэх гэх мэт явдал сүүлийн үед маш ихээр, зохион байгуулалттайгаар, тасралтгүй үргэлжилж байна" хэмээгээд, олон нийтийг аливаа мэдээлэлд өөрийнхөөрөө боловсруулж дүгнэж байхыг хүслээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцсанаар завсарласан билээ. Хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад, худал мэдээ тараах, олон нийтийг төөрөгдүүлэх үйл явц үргэлжилж буйг тэрээр мэдээллийн үеэр тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгч болон ЕТГ-аас төвийг сахих байр сууринаас аливаа асуудалд хандаж байгааг дурдав.