Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Удирдах зөвлөл цахимаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-31 18:20:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийг дагалдсан техник туслалцааны “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн Удирдах зөвлөл өчигдөр анхны хурлаа цахимаар хийв.  

Хуралд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар даргалан оролцож 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг баталлаа. "COVID-19"-ийн цар тахал Монгол Улсын эдийн засагт, ялангуяа ЖДҮ эрхлэгч нар болон ажиллах хүч их шаарддаг салбарт хүндхэн сорилтуудыг бий болгож байна. Түүгээр ч зогсохгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусч улмаар Монгол Улсаас Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөө гаргасан ахиц дэвшилд ухралт гарах эрсдэл бий болоод байна.


Энэ үед Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийг дагалдсан техник туслалцааны “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь 2020 оны 12-р сараас хэрэгжиж эхэлсэн. Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжиж байна.

Хуралд төслийн удирдах зөвлөлийн гишүүд болох хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  


Холбоотой мэдээ