Сөүл рүү энэ сард 7 удаагийн нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-01 11:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ энэ сард татан авах тусгай нислэгийг БНСУ-аас эхэлнэ. Тодруулбал, өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 200 иргэн эх орондоо ирэх юм. 

УОК-ын шийдвэрээр 4 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр иргэдээ татан авна. Тухайлбал, БНСУ-ын нийслэл Сөүл хот руу нэг транзит нислэгийг оролцуулаад 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ. Үүнд БНСУ-ын иргэний агаарын 2 компани оролцохоор болж байна. 

Ингэснээр манай улс руу хийх гадаадын иргэний агаарын тээврийн компаниудын нислэгүүд энэ сараас эргэн сэргэж байна. Тухайлбал, "Корэйн Эйр" болон "Асиана Эйр" компанийн нисэх онгоцууд Сөүл рүү үйлдэх тусгай нислэгт оролцох бол Европын улс орнууд руу хийх нислэгт "Туркиш Эйрлайнс" хамтрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан тусгай үүргийн нислэгт зарим өөрчлөлт орсныг ГХЯ-ын Консулын газраас мэдээллээ. Жишээ нь, 4 дүгээр сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатарын нислэгийг 4 дүгээр сарын 6-ны орой үйлдэхээр болж байна. Мөн энэ сарын 6-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг шилжүүлж 7-нд болгожээ. 


4 дүгээр сарын 14-нд Сөүлээс хийх нислэгийг БНСУ-ын "Асиана Эйр" компани үйлдэнэ. 4 дүгээр сарын 26-нд урьдчилсан байдлаар "Корэйн Эйр" компанийн хийх нислэгийг тус компаниас гаргасан хүсэлт болон БНСУ-д байгаа монгол иргэд халдварыг илрүүлэх PCR шинжилгээ өгөх өдөртэй тааруулан зохицуулж энэ сарын 28-нд хийхээр болоод байна. 

Гадаадын иргэний агаарын тээврийн онгоцууд нислэг үйлдэх болсноор гадаад улс орнуудад байгаа монгол иргэд нислэгээ өөрсдөө сонгон захиалах, хямд үйлчлүүлэх боломжтой болж байна. Энэ талаар манай улсаас Өмнөд Солонгосын агаарын компаниудтай ярилцаж байгаа аж. МИАТ ТӨХК тусгай нислэгийн тийзний үнээ 15 хувиар хямдруулан мөрдөж байгаа юм.  

Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай холбогдуулан тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас манай улс руу хийж байсан БНСУ-ын "Корэйн Эйр" компанийн нислэг жил гаруй хугацаанд завсарласан юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард төлөвлөсөн тусгай нислэгүүдээр 2100 орчим иргэнээ татан авна. Үүнд:




Холбоотой мэдээ