Улсын төсвөөс хүлэмжийн тариалалтад 300 сая төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-01 14:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын хүлэмжийн тариалалтыг дэмжиж, улсын төсвөөс 300 сая төгрөг зарцуулна.


Тодруулбал, энэ санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг  нийлүүлж,  өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм. Ингэснээр хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах юм. 


Мөн Бүгд Найрамдах Польш улсын 10,2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Энэ хүрээнд 8,5 мянган тн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй 100 трактор, ногооны үрлэгч, хураагч  комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийт 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.


Түүнчлэн, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбай услах,  төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадалтай бага оврын 78 бороожуулагч, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадалтай дуслын усалгааны 90 ширхэг системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 6 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаа.  Үүний дүнд усалгаатай талбайн хэмжээ 1500 га-гаар нэмэгдэх аж.

 

 

Холбоотой мэдээ