Гараг уу, гариг уу?

ЛАВЛАГАА
khandmaa@montsame.gov.mn
2021-04-05 12:53:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “гараг, гариг” хэмээх үгсийг ямар зарчмаар журамласныг танилцуулж байна.


Долоо хоногийн даваа, мягмар гараг гэх тохиолдолд “гараг” хэмээн бичихээр журамлажээ. Харин “гариг” гэвэл нохойн өтгөн ялгадас гэсэн утгатай үг болно. Энэ нь "гарь” гэдэг нохой баах гэсэн утгатай үндсэнд нэр үг үүсгэх “-г” дагавар залгаж бүтжээ.


Өдгөө харь гаралтай нь мэдэгдэхээ байсан “гараг” гэдэг үгийг журамлахдаа, монгол бичгээр бичдэг уламжлалыг баримталсан байна. Энэ үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар залгахад гээгдэх эгшгийн дүрэм баримтлан “гаргийг, гаргаас, гаргаар...” гэж бичих ёстой аж. 


Ташрамд дурдахад, долоо хоногийн гаргийг монгол хэлэнд гурван янзаар нэрлэдэг бөгөөд төвөд гаралтай даваа, мягмар, лхагва... ням гэсэн монголжсон нэрсийг хамгийн их хэрэглэж хэвшжээ. Харин санскрит гаралтай сумьяа, ангараг, буд, бархасбадь, сугар, санчир, адьяа гэх нэршлийг зурхай, билгийн тооллын цаглаварт түлхүү ашиглаж байна. Түүнчлэн түгээмэл бус монгол нэрс ч бий юм.

Холбоотой мэдээ