Гарсан төлийн 80,5 хувь нь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-05 18:22:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын нэгний байдлаар 258312 хээлтэгч мал төллөн, 258320 төл гарч, 80,5 хувь нь бойжиж байна.

Өнгөрсөн зун зуншлага муу, бэлчээрийн гарц тааруу байсан тул малчид хээлтэгч малынхаа 23 хувийг хээлтүүлээгүй тул оны эхэнд тоолуулсан 1,709,690 хээлтэгч малаас 1,318,588 мал төллөхөөр байсан.

Харин өнгөрсөн сард болсон байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас хаваржилт хүндэрч, тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 21,619 мал хээл хаяж, 50,328 төл хорогдоод байна.

Байгаль цаг агаарын хүнд нөхцөлд идэш хоол муутай эх мал сүү муутай, төл нь ихэнхдээ харангадаж үхэж байгааг малчид хэлж байна. Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хурга, ишиг хамгийн ихээр хорогдож байна. Тодруулбал, нийт хорогдсон төлийн 18,9 хувийг хурга, 20,7 хувийг ишиг эзэлж байгаа аж. 

Одоогоор мал төллөлт 20 хувьтай байгаа ба нэг сая гаруй мал төллөх дутуу байгаа юм. 

Холбоотой мэдээ