Хэрлэн, Матад суманд сэжигтэй тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-06 21:03:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дөнгөж сая аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Хэрлэн, Матад суманд сэжигтэй тохиолдол илэрснийг мэдээллээ.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд мэс засалд орсон иргэн Дорнодод ирээд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа дэглэм зөрчжээ. Тухайн иргэний ойрын болон дам хавьтлыг тогтоож, зургаан хүнийг Халдвартын эмнэлэгт, дам хавьтлууд болох иргэдийг гэрт нь буюу Станцын цэнхэрийн хороооллын нэг давхар байр, орон сууцны 12-р байрны хоёрдугаар орцыг хамгаалалтад авлаа.

Мөн Матад сумын нэг иргэн халдвар голомтлон гарсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу хулгайн замаар зорчиж, коронавирусээр өвчилсөн иргэнтэй нэгдүгээр хавьтал болж, эргэж Матад сумандаа ирээд чөлөөтэй зорчсон гэж мэдүүлжээ. Түүнчлэн уул уурхайн чиглэлээр бэлтгэсэн байсан Тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэнээс мөн эхний шинжилгээгээр халдвар илэрсэн. Гэхдээ тухайн иргэн тусгаарлалтын дэглэм зөрчөөгүй гэв. 

Дээрх гурван тохиолдлын шинжилгээг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид илгээсэн, маргааш эцсийн хариу гарна. Тандалт судалгааны баг эхний болон дам хавьтлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Одоогоор Хэрлэн, Матад сумыг шар түвшинд шилжүүлж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо. 



Холбоотой мэдээ