Б.Уранчимэг :Зөв бай, үнэн бай, цэвэр бай гэсэн зарчмыг баримталдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-06 15:25:58
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Хурим найр, баяр ёслолын заалны чимэглэл хийдэг “Тансаг содон гоёл” ХХК-ийн захирал Б.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрээр Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жил, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жил, “Медипас” эмнэлгийн нээлт зэрэг томоохон ёслолын үйл ажиллагаа болон 100 гаруй хуримын заалны чимэглэлийг урлажээ.   

-“Содон гоёл” салоныг үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Харин заалны чимэглэл, гоёл чимэглэл урладаг гэхээр төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Хэзээнээс эхэлж заалны чимэглэл урлаж эхэлсэн бэ? 

-Би үсчин, гоо сайханч мэргэжилтэй. Мэргэжлийнхээ дагуу, олон жилийн туршлага, ур чадвар дээрээ тулгуурлан “Содон гоёл” салоныг үүсгэн байгуулсан. Салоноо нээгээд 5 жил, заалны чимэглэл хийгээд 8 жил болж байна. Гоёл чимэглэл, заалны чимэглэл урлах бол миний хобби.  Манайх  хурим найрын заалны чимэглэл, сүйт бүсгүйн цэцэг, толгойн гоёл, ээмэг зүүлт гээд чимэглэлийн бүх талыг хариуцаж ажилладаг. 

-Гараар хийх чимэглэлүүдийг та өөрөө хийдэг үү, хамтарч ажилладаг хүмүүс байгаа юу?

-Манайх нэг өдөрт болох 10 хуримын чимэглэлийг хийж чадах хэмжээнд өргөжин тэлсэн. Гар урлалын чимэглэлүүдийг би өөрөө хийхээс гадна чимэглэл хийдэг 5 хүнтэй хамтарч, гэрээтэй ажилладаг. 

-Танай байгууллага өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгаатай вэ? 

-Бидний санал болгож буй загварууд орчин үеийнх, шинэлэг байхаас гадна үнийн хувьд уян хатан байж чаддаг нь бусдаас ялгарах онцлог гэж бодож байна. Заалны чимэглэлийн загварууд жил бүр өөрчлөгдөж, өнгөний ялгарал, өнгөний уусалтууд нь үргэлж шинэчлэгддэг учраас түүнийгээ дагаад манайх байнга шинийг эрэлхийлж, сайжруулалтуудаа хийгээд явдаг. Мөн манай салон байнгын үйлчлүүлэгчтэй болж чадсан.  Хийж байсан томоохон ажлуудаас дурдвал, Эрдэнэт хотын 40 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой, “Медипас” эмнэлгийн нээлт, Дулааны цахилгаан станцын нээлт гээд томоохон ёслолын ажиллагааны чимэглэлүүдийг хийж гүйцэтгэж байсан. 

-Эрдэнэтийн нэр хүндтэй байгууллагууд хамтарч ажиллаж байна гэхээр танигдаж, ялгарч эхэлсний илрэл байх. Танай бизнесийн яг оргил үе хэдийд байдаг вэ? Онцлог нь улирлын чанартай санагдлаа. 

-Тийм ээ, улирлын чанартай. Жилийн сайн өдрүүд болох хавар, намрын билэгт сайн өдрүүдэд ажил ихтэй. Гэхдээ сүүлийн гурван жил хүмүүс заавал шинийн 17-ны билэгт сайн өдөр хуримаа хийнэ гэж хүлээхээ больсон. Өөрсдийнхөө жил усыг харгалзаж сайн өдрөө сонгодог болсон байна. Ихэнх захиалгууд намрын улиралд орж ирдэг ч өвлийн улиралд шинэ жил, ойн өдрүүд тохиодог учраас ажил бүрэн зогсдог үе гэж байдаггүй. 

-Заалны чимэглэлийн загвараа гаргах, төлөвлөх, бэлтгэх ажилд хэр хугацааг зарцуулдаг вэ? Өөрөөр хэлбэл, танайхтай хамтарч ажиллах хүсэлтэй бол хэдий хугацааны өмнө уулзаж, гэрээгээ байгуулбал 100 хувь сэтгэлд хүрсэн, цогц үйлчилгээг авах боломжтой вэ? 

-Хурим гэхэд ганц хүний биш маш олон хүний хөдөлмөрөөр бий болдог. Эхлээд захиалагчтайгаа европ маягаар уу, монгол ёс заншлаар хийх үү? Эсвэл хослуулж хийх үү? Зохиомж нь ямар байх вэ? гэдгийг ярилцаж тохиролцсоны дараа бэлтгэл ажлууд эхэлнэ. Бэлтгэл ажлын тогтсон хугацаа гэж байхгүй. Яагаад гэвэл 200 зочинтой хурим, 100 зочинтой хуримын бэлтгэлийн зай талбай, нэр уснаас эхлээд өөр өөр. Аль болох эрт хугацаанд захиалгаа өгнө, төдийчинээ бэлтгэл ажлаа бүрэн базаах боломж бий болдог гэсэн үг. Бэлтгэл ажлыг ихэвчлэн 7-10 хоногт хийдэг. Ажиллагаа багатай чимэглэлүүдэд хоёр хоног ч байж болно. 

-Танайхаас хамгийн эрэлттэй гардаг ямар чимэглэлүүд байна вэ?

-Хуримын багцууд л хамгийн сайн гардаг. Манай хуримын багцууд нь алт, мөнгө, содон, гоёл багц гээд өөр, өөр өнгө төрөлтэй, хэрэглэгч юу хүсч байгаагаас шалтгаалаад үнийн хувьд өөр байдаг. Ихэвчлэн дундаж үнийн саналтай “Содон багц” хамгийн их захиалдаг. 

-Үйлчлүүлэгч яг ийм загвараар чимэглэлээ хийлгэе гээд аваад ирлээ гэхэд танайд материалын олдоц хангалттай байдаг уу? Туслах материалуудаа хаанаас авдаг вэ? 

-Цаг хугацааны хувьд давчуу захиалгууд дээр өөрт байгаа бэлэн материал дээр түшиглээд загвараа санал болгодог. 1-2 сарын өмнө захиалсан бол бүх материалаа татаж аваад яг үйлчлүүлэгчийн хүссэн загварыг гаргах боломжтой. Ихэнх материалаа БНХАУ-аас авдаг. 

-Үнэ өртгийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ? 

-Хуримын чимэглэлүүд багцаасаа шалтгаалаад 350 мянгаас гурван саяын хооронд байдаг. Төрсөн өдрийн бэлэн чимэглэлүүд 10 мянгаас эхлээд 30 мянга хүртэл, тусгай захиалгын дундаж үнэ 100 мянган төгрөгт байгаа. Манайх зөвхөн Эрдэнэтдээ төдийгүй хот руу болон бусад орон нутагт очиж хуримын чимэглэл хийдэг. 

-Хурим, ёслолын үйл ажиллагаанд зориулж хийсэн чимэглэлүүдээ дахин ашиглах боломжтой юу? Түрээсийн үйлчилгээ гэж байдаг уу?

-Яг тухайн үйлчлүүлэгчдэд нь зориулж хийсэн бол тэгээд л тухайн хүнд нь үлдээдэг. Түрээсийн үйлчилгээ байдаг. Заалны чимэглэлүүд эмзэг, хагарч, эвдрэх зүйл ихтэй учраас өөрсдөө л аваачиж байршуулж өгөхгүй бол хагалчих гээд, хагалчихвал түрээсэлснээсээ илүү өртөг өндөртэй болчих гээд байдаг эрсдэлтэй. Тиймээс зөөвөрлөж тээвэрлэхэд аюул багатай, бат бөх хэрэгслүүдийг түрээслүүлдэг. 

-Ажлаа хийж гүйцэтгэсний дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ? 

-Дандаа  л хүнийг нь ч орчныг нь ч гоёдог учраас хүний сэтгэл хөдлөл тэр дороо л илэрдэг. Давхар салонтой болохоор үйлчлүүлэгч маань үсээ засуулна, нүүрээ будуулна гээд аль болох цогц үйлчилгээг үзүүлээд баяраас нь хуваалцах юмсан гэж боддог. Гоё болж байгаа хүн хэзээ ч муухай царай гаргадаггүй. Амьдралд ганц тохиох алтан мөчийг нь бүтээлцэж байгаа учраас аль болох л илүү гоё болгох гээд гэрээгээ давуулан биелүүлчих гээд байдаг. /инээв/ Ёслолд ирсэн зочин болгон “Ямар гоё юм бэ” гэж уулга алдахад маш их баярладаг.  

-Ёслолын дараа ирж, танд тусгайлан баярласнаа илэрхийлсэн тохиолдлууд байдаг уу? 

-Байлгүй яахав. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2 жилийн өмнө хуримаа хийсэн хосын эхнэр нь өрхийн үйлдвэрлэл эхлүүлсэн гээд өөрийнхөө хийсэн хүүхдийн хөнжлийн углаа, даавууг бэлэглэсэн. Энэ мэт олон жишээ бий. Хуримынхаа чимэглэлийг хийлгэсэн хосууд дараа нь хүүхэдтэй болоход хүүхдийн ойн чимэглэлийг хийлгэх зэрэг ар араасаа хөвөрсөн олон ажлыг итгэж, даатгаж хийлгэдэг болчихдог. Манайхаар бүр нэг айлын 3 хүү дараалж хуримын чимэглэлээ бэлдүүлж байсан.

-Үйлчлүүлэгч эргэх холбоотой ажиллаж байна аа гэдэг нь сэтгэлд нь нийцсэний илрэл байх. Хүний сэтгэлд нийцтэл ажиллахын тулд та ямар зарчим баримталдаг вэ? 

-Зөв бай, үнэн бай, цэвэр бай гэсэн зарчмыг баримталдаг. Манайх “Итгэл дааж, сэтгэл шингээнэ” гэсэн уриа үгтэй. Энэ үгэндээ л эзэн болох гэж хичээдэг. 

-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцвал...?

-Эхний ээлжинд өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн гаргадаг чимэглэлийн брэндтэй болох, бэлэн бүтээгдэхүүн зардаг болъё гэж бодож байна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

 







 



Холбоотой мэдээ