Аймгийн төвийн 3 мянган иргэнийг хоёр хоногт багтаан дархлаажуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-07 11:43:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрөөс коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын ажил эхэллээ.

Тус аймагт БНХАУ-ын "Синофарм" компанийн вероселл вакцинаас 5461 тун ирсэн байгаа. Энэхүү вакцинаар эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал, цагдаа, гааль, шүүх, прокурор, банк, харилцаа холбоо зэрэг байгууллагын ажилтан албан хаагчдыг дархлаажуулах аж.

"Ирсэн вакциныг эхний ээлжинд 12 байгууллагын ажилтнуудад хийнэ. Өнөөдөр өглөө 13 сумын ЗДТГ-ын эрх бүхий хүмүүс вакцинатортайгаа хамт ирээд хуваарилсан вакцинаа аваад явсан. Аймгийн төвд 4 газрыг урьдчилан бэлдэж өнөөдрөөс дархлаажуулалтын ажлаа эхэлж байна. Хоёр хоногт багтааж аймгийн төвийн 3 мянган хүнийг дархлаажуулна. Баян-Өлгий аймгийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах ёстой 71,8 мянган хүн байгаа. Бид Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ тавьж дараагийн ээлжийн вакцины асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна" гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.

“Синофарм” компанид үйлдвэрлэсэн уг вакциныг 28 хоногийн зайтай хоёр тунгаар хийнэ. Халдварт саа, улаан бурхны зэрэг вакциныг гаргаж авсан уламжлалт аргад тулгуурласан, сулруулсан вирусийг агуулсан уг вакцинд сөрөг нөлөө бараг байхгүй гэж эрдэмтэд үзсэн ажээ. 

Холбоотой мэдээ