Бухарест “ЕВРО-2020” тэмцээний үеэр суудлын тоог 25 хувиар хязгаарлана

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-07 11:42:40

БУХАРЕСТ. /Риа Новости/. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний Бухарест хотод болох тоглолтуудын үеэр суудал дүүргэлтийг 25 хувиас хэтрүүлэхгүй гэж Румыний Залуучууд, спортын яамны цахим хуудаст мэдээлэв.


“Румыний Засгийн газар Залуучууд, спортын яамны танилцуулсан санамж бичгийг баталж, Европын аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтуудад суудал дүүргэлтийг 25 хувиар хязгаарлахыг үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл, тоглолт бүр 13 мянган үзэгчтэйгээр явагдах болно” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Бухарест хотод тэмцээний С хэсгийн гурван тоглолт болон 1/8 шигшээ тоглолт болох юм. Тоглолтууд зохион байгуулагдах эзэн хотууд суудал дүүргэлтийн асуудлаарх албан ёсны зөвшөөрлөө УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоонд 4 дүгээр сарын 7-ноос өмнө танилцуулах ёстой байжээ.


“Евро-2020” тэмцээн 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд Европын 12 хотод болно. 

Холбоотой мэдээ