Осакад онц байдал зарлахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-07 14:37:03

ТОКИО. /TASS/. Японы баруун хэсэгт орших Осака мужийн эрх баригчид коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал эрс муудсаны улмаас бүс нутагт онц байдал зарлах шийдвэр гаргажээ.


Энэ тухай мужийн эрх баригчид лхагва гарагт мэдэгдэв.


Шинээр илэрсэн халдварын тохиолдлууд өсөн нэмэгдсээр байх нь бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоог уналтад оруулж болзошгүй хэмээн болгоомжилсны улмаас ийм шийдвэр гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Осакад халдварын 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 


Коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Японы Осака, Мияги, Хёго гэсэн гурван мужид 4 дүгээр сарын 5-наас халдварт өвчний дэгдэлтийн эсрэг хязгаарлалтын хатуу арга хэмжээ тогтоосон юм. Арга хэмжээний хүрээнд эрх баригчид нийтийн хоолны газрын ажиллах цагийг 20:00 цаг хүртэл болгох, шинж тэмдэг илэрсэн болон амны хаалтгүй хүмүүсийг зоогийн газруудаар үйлчлүүлэхийг хориглож магадгүй байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зоогийн газруудыг 200 мянган иений дотор торгох аж. Түүнчлэн бүс нутгийн оршин суугчдаас авч буй коронавирусний шинжилгээний цар хүрээг тэлж, халдвар авсан хүмүүст зориулагдсан хөл хорих газрууд, эмнэлгийн орнуудыг аль болох олноор нь бэлджээ.

Холбоотой мэдээ