“Шинэ ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-07 19:38:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ тус аймагт 2021-2024 онд хэрэгжүүлэх “Шинэ ирээдүй” хөтөлбөрийг баталлаа. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт тусгасан уг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган ажиллахыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд үүрэг болголоо.

            “Шинэ ирээдүй” хөтөлбөрийн чанарын үнэлгээг хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлж, бүтээлч хандлагыг бий болгосноор үнэлэх бөгөөд бага, дунд, ахлах ангийн оношлох үнэлгээг өмнөх жилээс нь 3-5 хувиар өсгөсөн байх үр дүнд хүрэх зорилт дэвшүүлээд байна. Чанарын үнэлгээний гүйцэтгэлээр бага ангийн математик, монгол хэл 43,1-45.0, дунд ангийн математик, англи хэл 26.0-36.5 хувиас эхлэн жил бүр ахисан байх юм. Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан, сонгон секцийн хамрагдалтыг “Мэтгэлцээн” клуб, “Номын мангас” төсөл, “Бүтээлч хүүхэд” аян, “Хөтлөгч-хүүхэд” дугуйлан, “Мартагдашгүй зун” арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулснаар үр дүнг 40 хувьд хүргэхийг зорьж байна.

Тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 4134, ерөнхий боловсролын сургуульд 11124 суралцагч  боловсрол эзэмшиж байна.  2014 оноос хойш улс, бүсийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээнд үзүүлж буй багш, сурагчдын ганцаарчилсан амжилтаас харахад хүүхэд бүрийг хөгжүүлэх нөөц боломж байгаа боловч тогтвортой биш, сүүлийн жилүүдэд боловсролын чанарын асуудал ихээхэн анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан сэдэв болсон. Элсэлтийн ерөнхий шалгалтын зарим хичээлийн хэмжээст оноогоор улсын хэмжээнд сүүлийн байрт орж байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газар дүгнэж байна.

Холбоотой мэдээ