БУЛГАН: “Сансар 45” олимпиадыг 17 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-20 14:17:30

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулан Булган аймгийн ЗДТГ, БГ, МУБИС болон Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Сансар-45” хэлний олимпиад дөрөвдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.


Тус олимпиад нь БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал  Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит бөгөөд өсвөр үеийнхний хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилготойгоор 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. 


Энэ жилийн олимпиадын онцлог нь зөвхөн мэдлэг сорихоос гадна сурагчдын чадвар, авьяасыг хослуулсан олон талт агуулгаар өргөжүүлжээ. Тодруулбал, монгол, англи, орос хэлний төрөлжсөн уралдаануудын зэрэгцээ дунд болон ахлах ангийн сурагчдын дунд гурван хэлээр дуулах уралдаан зохион байгуулж, сурагчдын хэлний хэрэглээ болон илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарчээ.


Мөн өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад оролцооны цар хүрээ нэмэгдэж, анх 8 сургуулийн хүрээнд зохион байгуулдаг байсан энэхүү тэмцээн өдгөө 30 сургуулийн 800 гаруй сурагчийг хамарсан, бүс нутгийн хэмжээнд болдог томоохон уралдаан болон өргөжжээ.


Нээлтийн үйл ажиллагаанд БНМАУ, ЗХУ-ын баатар, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, сансрын нисэгч, хошууч генерал  Ж.Гүррагчаа болон аймаг, сум, боловсролын байгууллагын удирдлагууд, эрдэмтэн багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон байна. 


Ийнхүү “Сансар” олимпиад нь жилээс жилд агуулга, оролцоо, цар хүрээгээ тэлж, өсвөр үеийнхний хэлний боловсролд бодит хувь нэмэр оруулсаар байна.











Холбоотой мэдээ