Монголын дугуйн элит баг “Хубилай” шинээр байгуулагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-08 14:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбооны гишүүн элит буюу мэргэжлийн баг “Хубилай” шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулах батламжаа гардан авсан байна.


“Хубилай” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Але хаус” ХХК, ерөнхий менежерээр ОУХМ С.Түмэндэмбэрэл нар ажиллах юм. Тус компаниас багийн ахлагч ОУХМ Б.Мягмарсүрэнд эхний ээлжийн дугуй, хувцас хэрэгслийг 10 сая төгрөгийн хамт гардуулжээ.



“Хубилай” баг 10 дугаар сард Олон улсын дугуйн холбоо /UCI/-нд бүртгүүлж Олон улсын бүх тэмцээнд оролцох эрхтэй болох бөгөөд “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхийн төлөө оноо цуглуулах юм байна.



“Хубилай” баг одоогоор хамгийн чухал хөшүүрэг болох санхүүгийн асуудлаа ийнхүү шийдээд байна. Энэ багийг Азийн дугуйн холбоо бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн бол мөн ОУДХ-ны дэмжлэгийг хүлээж байгаа аж. “Хубилай” мэргэжлийн баг нь Ази болон Европ тивд салбар төвтэй байх юм.




Ташрамд дуулгахад, МДХ-ны салбар 20 байгууллага өнгөрсөн 7 хоногт 2021 оны гишүүнчлэлийн батламжийг гардан авсан юм. Тухайлбал, “Хубилай” -Элит клуб, Өмнөговь аймгийн “MG – Road” - залуучуудын клуб, “Найрамдлын Дархан” - Мастер ангиллын баг, “Торгоны зам” дугуйн нийгэмлэг - сонирхогчийн баг, Завхан аймгийн “Жавхлант” клуб - сонирхогчийн баг тус тус бүртгүүлжээ.


Харин энэ 7 хоногт гишүүнчлэлд багтсан байгууллагуудын тамирчдыг бүртгэн авч лиценз гардуулах юм байна.

Холбоотой мэдээ