АНУ байлдааны хөлөг онгоцуудаа Хар тэнгис рүү илгээж магадгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-09 11:20:49

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ харуулах зорилгоор Хар тэнгис рүү байлдааны хөлөг онгоцуудаа ойрын долоо хоногт илгээх талаар хэлэлцэж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжээ.


Эх сурвалжийн хэлснээр, АНУ Тэнгисийн цэргийн хүчин флотоо тийшээ тогтмол илгээдэг боловч одоо ийм алхам хийх нь ОХУ-ын хувьд "онцгой мессеж" гэсэн үг юм. Тэрбээр мөн ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ зузаатгаж байгаа тухай мэдээлэлтэй холбогдуулан ийм арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг тэмдэглэв.


АНУ одоогоор ОХУ-ыг давших үйл ажиллагаанд бэлтгэх арга хэмжээ болгон хүчээ зузаатгаж байна гэж үзэхгүй байгааг эх сурвалж онцлон дурдсан байна. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, байдал өөрчлөгдсөн тохиолдолд АНУ “хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой” гэж Пентагон үзэж байгаа аж.  


ОХУ улсынх нь хил рүү цэргээ татаж байна гэж Украины арми мэдэгдсэн юм. Барууны орнууд энэ мэдэгдэлд түгшиж байгаагаа сүүлийн өдрүүдэд удаа дараа илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Оросын цэргүүд нутаг дэвсгэр дотроо шилжин байрлах нь бусад улсад ямар нэгэн аюул учруулахгүй учир энэ нь тэднийг түгшээх ёсгүй гэжээ. Тэрбээр мөн Донбасст болж буй үйл явдал бол Оросын цэргүүд хэзээ ч оролцож байгаагүй Украины дотоод зөрчил гэж цохон тэмдэглэсэн байна.


Донбассын байдал хоёрдугаар сарын сүүлчээр хурцдаж эхэлсэн бөгөөд бүс нутагт бараг өдөр бүр буудалцаан болж, гал зогсоох дэглэм зөрчигдсөөр байгаа юм.


Холбоотой мэдээ