Увс аймаг улаан түвшинд шилжин ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-10 19:37:36

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагаас 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Увс аймагт хөл хорио тогтоож, улаан түвшинд шилжин ажиллахаар  боллоо.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан аймаг, сумын төвөөс гарах, орох автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар тогтлоо. Мөн Хүнсний зах, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өглөө 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл хугацаанд ажиллуулж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг дээрх хугацаанд хориглохоор шийдвэрлэлээ.


ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ


-Цахилгаан, дулаанаар хангах үйл ажиллагаа

-Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ахуйн хэрэглээний барааны худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Нийтийн тээвэр /Чандмань Улиасны хэв/

-Усан хангамж, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, хог хаягдлын үйлчилгээ, золбин нохой, муур устгал, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа 

-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

-Банкны төлбөр тооцоо, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /цагийн хязгаартай/

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Хилийн дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Ус, цаг уур орчны шинжилгээний төв/

-Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, Улаанзагалмай

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа

-Шүүх, Прокурорын үйл ажиллагаа

-Оршуулгын үйл ажиллагаа


ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ


-Барааны зах, бараа худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом, барилгын материал, гар утасны худалдаа, засвар/

-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа

-Баар, караоке, ресторан, цайны газар, кофе шоп

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

-Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб, билльярд/

-Саун, нийтийн халуун ус /хүчин чадлын 30 хувиас хэтрэхгүй байх/

-Шашны зан үйл /сүм хийдүүд/

-Үсчин, гоо сайхан, хумс засал, бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал 

-Сэлбэгийн дэлгүүр, авто болон дугуй засвар, машин угаалга, түүхий эд авах, худалдах цэгүүд

-Архи согтууруулах ундаа худалдан борлуулах

-Хувцас болон гутал захиалга, засвар


Увс аймгийн Онцгой комисс

2021/04/10

Холбоотой мэдээ